Dec 20, 2011

Ричард Матесон ТОВЧЛУУР

Гараар бичсэн нь илт мэдэгдэх "Ноён Льюис, хатагтай Льюисд. 10016 Ню-Йорк хот. Гучин долдугаар гудамж. 217Е” гэсэн хаяг бүхий хатуу цаасан хайрцаг тэдний хаалганы яг урд хэвтэж байлаа. Түүн дотор шилэн бүрхүүлээр бүтээсэн товчлууртай тэг дөрвөлжин бяцхан модон хайрцаг байх аж. Норма шилэн бүрхүүлийг авах гэсэн боловч чадсангүй. Цаасан хайрцагны ёроолд дөрөв эвхсэн хуудас цаас тогтоожээ. Авч үзвэл "Ноён Стюарт танайд 20.00-д очно." гэсэн байв. Норма зурвасыг хажуу тийш тавиад инээмсэглэж хоол хийхээр гал тогоондоо орлоо.
Хаалганы хонх яг найман цагт дуугарлаа. Норма гал тогооноос
-Би онгойлгоё хэмээн хашгирав. Хонгилд бүрх малгайтай, сахалтай, намхан эр зогсож байсан бөгөөд бүрхээ авангуутаа
-Та хатагтай Лъюис мөн уу? гэж лавлав.
-Тийм ээ.
-Намайг Стюарт? гэдэг.
-Аан тийм гэж Норма хүчлэн инээд алдаад энэ эрийг доншуур худалдаачин гэдэгт эргэлзсэнгүй.
-Орж болох уу?
-Би ажил ихтэй байна. Танд "юм"-ыг чинь авчраад... гэж Нормаг өгүүлтэл өнөөх эр
-Та юу болохыг нь мэдэхийг ч хүсэхгүй байна уу? гэж асуулаа. Норма дуугүй л эргэв.
-Энэ зүйл танд тун их ашиг өгнө дөө.
-Мөнгөний юу? гэж бүсгүйг егөөдөхөд Стюарт толгой дохин 
-Яг тийм гэсэнд Норма хөмсөг зангидав. 

-Та юу худалдах юм бэ? 
-Би юу ч худалддаггүй. 
Артур том өрөөнөөс гарч ирлээ. 
-Юу болов?
Стюарт өөрийгөө эелдэгхэн гэгч танилцууллаа. Артур зочны өрөө рүүгээ дохиж
-Аа  тэр нэг хачин юм уу?  Тэр ер нь юу юм бэ дээ? гэж инээмсэглэн асуув. 
- Би тайлбарлахыг оролдьё. Орж болох уу?
Артур Норма руу харав.
- Өөрөө л мэд . . . 
Артур тээнэгэлзсэнээ
- Ор л доо гэж зөвшөөрөв. Тэд зочны өрөөнд орцгоолоо. Стюарт костюмныхаа энгэрийн халааснаас наалттай жижиг дугтуй гаргаж ирээд сандал дээр суув. Тэр дугтуйг ширээн дээр тавьж
- Дотор нь товчлуурыг тагласан шилэн бүрхүүлийн түлхүүр байгаа юм хэмээн тайлбарласнаа
-Товчлуур манай контоорын хонхтой холбоотой байдаг гэж нэмж өгүүлэв.
Артур 
- Яагаад? гэж шалгаав. 
- Хэрэв та товчлуурыг дарвал ертөнцийн хаа нэгтээ таны танихгүй хэн нэгэн хүн үхэж та тавин мянган доллар авах болно. 
Нормагийн нүд учиргүй бүлтийн орж ирсэн хүнийг харав. Харин цаадах нь ажиггүй инээмсэглэнэ. Артур дүйнгэдүү янзтай 
- Та юу гэв ээ? хэмээн асуув. Стюарт гайхсан янзтай
- Би тайлбарлалаа шүү дээ гэж хариулав.
- Та тоглож байна уу? 
- Юун тоглоом. Би чинь үнэнээсээ ярьж байна. . . 
Норма яриаг таслан 
- Та хаана хэнд алба хашдаг вэ? гэж асуухад Стюарт аягүйрхэж
- Энэ асуултанд хариулж чадахгүй байх гэж айж байна. Ганцхан манай пүүс туйлын хүчирхэг гэдгийг л танд хэлж чадна гэв. Артур өндийж
- Минийхээр бол та явсан нь дээр бололтой гэж мэдэгдлээ. Стюарт сандлаасаа өндийж
- Тааллаар тань болъё доо гэлээ.
- Тэр товчлуураа ч бас ав!
- Маргааш сайн бод л доо. 
Артур дугтуй, цаасан хайрцаг хоёрыг авч Стюартын гарт атгуулав. Тэгээд үүдний өрөөнд очиж хаалгаа дэлгэлээ. 
- Би нэрийн хуудсаа орхиё гэж хэлээд Стюарт хаалганы ойролцоох ширээн дээр хуудас цаас тавиад гарч одлоо. 
- Чи юу бодоов?
- Дэмий юм 
Норма инээх гэсэн боловч чадсангүй. Зөвхөн 
- Сонирхолтой юм биш үү? хэмээн дуугарав. 
- Огт үгүй. 
Тэгээд Артур сонин уншиж эхэлсэн бөгөөд бүсгүй ч гал тогоон орж сав суулгаа угааж дуусгажээ.
- Чи яагаад энэ тухай ярихаар эвгүйцээд байгаа юм бэ? гэж Нормаг асуухад Артур шүдээ угаасан чигээрээ угаалгын өрөөний толинд туссан түүнийг харлаа. 
- Чамд сонирхолтой санагдахгүй байна гэж үү? 
- Доромжлол шиг санагдсан гэж Артурыг хариулахад Норма үснээсээ буржийлгагчаа салгах зуураа
- Тийм л дээ. Гэхдээ сонин юм шүү. Түүнийг тоглоом хийсэн гэхээргүй л байсан гэв. 
- Хэрэв тоглоом бол хамгийн тэнэг нь. 
Норма орон дээр сууж улавчаа тайлангаа 
- Эсвэл сэтгэл зүйчид ямар нэгэн туршилт явуулж байгаа юм болов уу? гэсэнд нөхөр нь мөрөө хавчлаа.
- Чи мэдэхийг хүсэхгүй байна уу?
Артур толгой сэгсэрэв. 
- Яагаад ?
- Яагаад гэвэл энэ дэндүү ёс суртахуунгүй юм. 
Норма хөнжилдөө шургаж 
- Надад бол сонин л байна гэхэд Артур гэрлээ унтрааж, гэргийгээ үнсээд
- Тавтай нойрсоорой!  гэлээ.
- Тавтай нойрсоорой!
Норма нүдээ хамхисан авч огт унтсангүй. Тэр тавин мянган долларын тухай бодсоор байв.
Өглөө нь ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа Норма ширээн дээр нэрийн хуудасны тасархайнуудыг байхыг ажиглажээ. Сэтгэлийг нь нэг юм хатгаж тэрбээр өнөө тасархайнуудыг хамж аваад цүнхэлж орхилоо. Үдийн завсарлагын үеэр тэр өнөөх тасархайнуудыг эвлүүлэн өнгөгүй туузаар нааж үзэв. Яг таван цагт бүсгүй тэсэлгүй харилцуур шүүрч авчээ. 
- Сонсож байна. 
Харилцуурыг буцаагаад тавьчихмаар санагдсан ч Норма бие барив.
- Би Норма Льюис байна. 
- Хатагтай Льюис, таныг сонсож байна гэж Стюарт сэтгэл хангалуун дуугарах нь дууудлаа.
- Надад сонирхолтой санагдлаа л даа. 
- Гарцаагүй
- Мэдээж би нэг ч үгэнд тань итгээгүй л дээ. 
- Танд би чин үнэнийг хэлсэн шүү. 
- Та хэлэхдээ… гэснээ Норма нэгэнтээ хий залгиад
- Хэн нэгнийг үхнэ гэсэн… та яагаад тэгэж хэлсэн юм бэ? гэж гонгинов. 
-Үнэхээр тийм юм шүү. Хэн ч байж болно. Бид тэр хүнийг та хэзээ ч мэдэж таньж байгаагүй, түүний үхлийн төлөө огт хариуцлага хүлээхгүй гэдгийг бүрэн баталж чадна. 
- Тавин мянган доллар уу?
- Яг тийм
Бүсгүй доогтой дуу алдаж 
- Ямар нэгэн чөтгөрийн …. Гэтэл Стюарт
- Тэр тусмаа …. Танд товчлуурыг илгээх үү?  гэж яаран асуулаа. Норма 
- Үгүй шүү гээд зэвүү нь хүрсэн янзтай харилцуурыг тавив. 
Үүдэн дээрээ хэвтэж буй цаасан хайрцагийг Норма цахилгаан шатнаас гармагцаа л үзэв. Тэрээр “Ичгүүргүй новш, Үүнийг нь би авахгүй дээ” гэж бодоод тэр чигтээ гэртээ орж оройн хоолоо хийж эхэллээ. Хэсэг хугацааны хойно эргэж гарч ирээд хайрцгийг авч гал тогоондоо оруулж тавилаа.
Норма ундаа шимэн цонхоор харж сууна. Тэгснээ тэр гал тогоондоо орж котлетоо эргүүлээд хайрцгийг шүүгээнийхээ доод шургуулганд хийв. Тэрээр “өглөө хайрцгийг цонхоор шидчихнээ” гэж өөрийгөө тайтгаруулав.
- Энэ ямар нэгэн баяны даажин юм болов уу? гэж бүсгүй хэлэхэд Артур хоол идэхээ болчихов. 
- Ойлгосонгүй.
Тэд дуугүй л хоолоо иднэ. Норма тэсвэр алдсан янзтай сэрээгээ тавьж 
- Хэрэв үнэхээр байвал яах вэ? гэв. Артур түүнийг асуусан байдалтай харж Норма хэлснээ давтав. Цаадах нь харин мөрөө итгэлгүйхэн хавчиж
- Тэгээд юу гэж? Тэр товчлуурыг авчруулж хэн нэгнийг алах гээ юу? гэхэд Нормагийн нүүрэнд дургүйцэл тодорлоо.
- Алах ч гээгүй л дээ…
- Тэгээд чинийхээр бол юу болж таарах вэ? 
- Гэхдээ бид түүнийг таних байтугай нэрийг нь мэдэхгүй шүү дээ. 
Артур цөхөрлөө.
- Чи үнэнээсээ хэлж байна уу хэмээн түүнийг асуухад Норма
- Тэр үхэх хүн нь эндээс арван мянган километрийн цаана байгаа хөгшин тариачин юм уу? Эсвэл хаа нэгтээ буй солиотой хужаа байж болохгүй гэж үү? гэж өчив.  Артур
- Хэрэв Пенсильванид дөнгөж төрсөн жаал, эсвэл зэргэлдээ гудамжны ялдам охин байвал яах вэ? гэж эсэргүүцлээ.
- Чи зориуд ээдрээтүүлж байна. 
- Хэн үхэх нь хамаагүй ч гэлээ энэ бол аллага.
- Амьдралдаа нэг ч үзээгүй, үхсэн хойно нь ч танихгүй хүн байна гээд бод. Товчлуурыг дарчихаж болохгүй юм биз дээ гэж Норма өөрийнхөөрөө зүтгэв. Артур түүнийг дийлдсэн байртай гөлрөөд
- Чи бол дарах уу? гэлээ.
- Артур минь, тавин мянган доллар шүү дээ. 
- Үүнд мөнгө ямар хамаа ….
- Тавин мянган доллар гэж Норма онцлон хэлээд
- Бид мөрөөдөж байснаараа Европоор аялах мөнгөтэй болно гэлээ.
- Үгүй.
- Бид бяцхан цэцэрлэгтэй байшин худалдаж авч болох шүү дээ. 
- Үгүй, Норма гэж хашхиран ширээний араас босож ирэхэд Артурын царай цонхийн цайж орхисон байлаа. 
- Би дахиад энэ тухай яримааргүй байна.
Бүсгүй мөрөө хавчиж
- Дураар чинь болъё гэв. 
Тэр өглөө ердийнхөөсөө эрт сэрж Артурт шарсан өндөг, хуймаг, гахайн шорвог мах тэргүүтэй өглөөний хоол бэлдэв. Артур инээмсэглэж 
- Яагаад ийм тансаг байна? гэхэд Норма гомдож
- Ямар ч шалтгаангүй гэж уцаарлалаа.
- Сайн байна. Сайхан санагдаж байна шүү.
Бүсгүй нөхрийнхөө аягыг кофегоор дүүргэх зуураа
- Би чамд хувиа бодсон амьтан биш гэдгээ үзүүлэх гэсэн юм гэж хэлэв. 
- Би тэгж хэлсэн гэж үү?
- Өчигдөр орой…
Артур дуугарсангүй. Норма гараараа хий дохисноо
- Би товчлуурын тухай ярилцсан шүү дээ. Харин чи намайг огт буруу ойлгосон гэж өгүүллээ. 
- Юу гэсэн үг вэ? гэж Артур сэрэмжилсэн янзтай дуугарав. Бүсгүй ахиад гараа дохиж
- Чи лав … намайг зөвхөн өөрийгөө бодоод л тэгж хэлсэн гэж бодоо биз дээ гэв. 
- Аан ….
- Уг нь тийм биш. Би Европийн тухай цэцэрлэгт байшингийн тухай…
- Норма чи юунд нь санаа зовсон юм бэ?
- Би зөвхөн өөрсдийнхөө талаар, чи бид хоёрын талаар бодсон гэдгийгээ тайлбарлахыг оролдож байна. Бид хамтдаа Европыг үзээсэй, бидэнд өөрийн гэсэн орон гэр байгаасай, бид сайн сайхан хувцас өмсөөсэй, эцэст нь бид хоёр үр хүүхэдтэй болоосой гэж би хүсэж байна. 
- Бид хүүхэдтэй болно.
- Хэзээ?
Артур бүсгүй рүү түгшүүртэй харав. 
- Норма би …
- Хэзээ тэр вэ? 
- Чи чинь … чи үнэхээр хүүхэд …
- Үүнийг би ямар нэгэн туршилт байх гэж бодож байна. Тэд нар зүгээр л дундаж амьдралтай хүн ийм нөхцөлд яахыг судалж байгаа биз. Бидний нинжин сэтгэлийг шалгахын тулд тэд зүгээр л хэн нэгнийгээ үхнэ гэж хэлээ биз. Чи тэднийг үнэхээр хэн нэгнийг алчихна гэдэгт итгэхгүй байгаа биз дээ. 
Артур юу ч хариулсангүй. Түүний гар байдгаараа салгалж байлаа. Гэнэт тэр босоод явчихав. Норма ширээний ард хоцроод аягатай кофегоо ширтэж байхдаа “Би ажлаасаа хоцорч байна…” гэж бодсон авч мөрөө хавчаад л өнгөрөв. Тэгээд юу гэж, ер бол тэр албан тасалгаанд «ухнатаж» байхын оронд гэртээ суугаад л, үр хүүхдээ тайван сайхан өсгөж байх ёстой биз дээ.
Аяга тавгаа хурааж байснаа Норма гэнэтхэн больж шургуулганаас өнөөх хайрцгийг гаргаж ирэв. Түүнийг ширээн дээр тавиад дугтуйнаас түлхүүрийг гаргаж хайрцагны тагийг онгойлголоо. Тэгээд товчлуурыг ширтэн хэсэг суулаа. Энэ товчлуурт онцгой юм юу байна? Хачин юм шүү…
Норма гараа алгуурхан сунган товчлуурыг дарахдаа «өөрсдийнхөө төлөө» гэж эмээнгүй бодов. 
Одоо яах бол? Хоромхон зуур түүнийг айдас нөмрөн авлаа. Гэвч айдас нь ирсэн шигээ хурдан алга болов. Бүсгүй инээмсэглэв. Дэмий юманд сүрхий анхаарах нь утгагүй юм даа. Тэр хайрцаг, товчлуур,түлхүүр, таг тэргүүтнийг бүгдийг хаман хогийн сав уруу чулуудаад хувцаслахаар яарав. 
Тэр үдэш Нормаг оройн хоолондоо мах шарж байтал утас хангиналаа.
- Хатагтай Льюистэй ярья
- Би байна.
- «Лэгокс хилл» эмнэлгээс ярьж байна…
Үлдсэнийг нь Норма яг л зүүдэлж байгаа адил сонсов. Шахцалдсан олны үймээнд Артур гэнэ алдан хальтирч унаад метроны вагон доогуур орчихжээ. Цэвэр золгүй явдал гэнэ.
Харилцуурыг тавихдаа бүсгүй Артурыг золгүй явдал тохиолдвол хоёр дахин нэмэгдэх нөхцөлтэйгөөр хорин таван мянган доллараар амиа даатгуулсан байсныг нь санав…
Тэр шалан дээрээс арайхийн өндийж гал зууханд ороод хогийн савнаас өнөөх товчлуурыг гаргаж ирлээ. Ямар ч эрэг шураг, ховил хонхоргүй цул эд ажээ.
Норма тэсэлгүй түүнийг ширээний буланд хэмхэртэл нь хар хүчээрээ дэлсэж гарав. Мөнөөх эдийг хага үсрэхэд дотроо утас шөрмөс, хагас дамжуулагч, эд анги юу ч үгүй хоосон болохыг нь бүсгүй харлаа. 
Утас хангинахад Норма цочив. Хөлөө дааж ядан очиж харилцуурыг авбал Стюартын дуу сонсогдов.
- Та чинь миний таньж мэдэхгүй хүн үхнэ гэж хэлсэн биз дээ...
- Хонгор хатагтай Норма Льюис минь…Та нөхрийгөө үнэхээр тэгтлээ мэддэг байсан гэж бодоод байна уу?
1970 он

Орчуулсан Д.Дашмөнх       



11 comments:

Б.Баясгалан said...

Иййй. Та яахаараа дандаа ийм аймаар аймаар, цочирдмоор цочирдмоор юм орчуулдаг юм бэ?

Би энэ зохиолын киног үзэж байсан юм байна. Гэхдээ ингэж "гоё" төгсдөггүй, цаашаагаа үргэлжлээд л, тэр хайрцагны ардах хүмүүсийг илрүүлэх гээд ч билүү бүр хадуураад явчихдаг санагдаад байх юм...

Dashka said...

Richard Matheson-ий "Button, Button" гэдэг энэхүү өгүүллэг 1970 онд анх сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд хоёр удаа кино болжээ. Эхлээд "Twilight zone" гэдэг телевизийн цувралуудын нэг анги болж 1986 онд дэлгэцэнд гарчээ. Удаахь нь 2009 онд "The Box" хэмээх кино болж гол дүрд нь Камерон Диаз тоглосон аж.

Enbos said...

Янзын өгүүллэг байна шүү, аййн?
Киноных нь трэйлерийг хальт үзлээ. Үзээд дэмий юм шиг байна. яг ингээд л төгсчихсөн нь онож.

Anonymous said...

Сонин, сонирхолтой байна. Харин орчуулгын хэллэг, чанараа сайжруулмаар санагдлаа. Нэгэнт л цаг гаргаж, бусдад зориулж байгаа юм чинь түүхий байх хэрэггүй байх. Амжилт хүсье. Баярлалаа. БМ

Dashka said...

Орчуулгын хэллэгээ, чанараа яаж сайжруулмаар байгааг минь хэлээд заагаад өгвөл баярлах л юм. Тэгж чадахгүй бол юунд дэмий юм бичиж байдаг юм. Тэгж яривал би чамд зориулж орчуулаагүй. Өөртөө зориулж орчуулсан юм. Чамайг унш гэж гуйгаагүй. Чи өөрөө миний блог уруу орж ирж уншчихаад битгий хуц, Нэрээ бүтэн тавиад өөрийгөө хэн болохыг хэлчихээд хүн шүүмжил. Чадахгүй бол дахиж үүгээр бүү үзэгд...

Enbos said...

Миний хувьд, орчуулгын хэлц гэдэг бол цэвэр тухайн орчуулагчийн мэдлийн "эд" байдаг. Дашмөнх ахын орчуулгын тухайд өөлөх юм алгаа. Халуун өдөр залгилсан хүйтэн айраг шиг л гулсаад орчихлоо. Муу орчуулга гэдэг тээглээд л, тээртээд л, цаанаа л андашгүй байдаг юм.

Enbos said...

Ойрмогхон уншсан тээглэмтгий муу орчуулгын жишээ гэвэл Ч.Чимид гуайн орчуулсан "Дайн ба энх" байна.

Б.Баясгалан said...

Ч.Чимидийг муулвал чинь би чамайг зодно шүү, Энбос. Яруу найргийн орчуулгууд нь ямар бяртай гээч...

Дашка ахаас асуу... хэхэ

ollie said...

ewwww, sh!t. зэвүүн эд байна. хэн ч, хэзээ ч хэн нэгнийг бүрэн дүүрэн таньж мэддэг болж чадахгүй гэж боддог маань үнэн байж гэхгүй юу :Р

shuvuu said...

Ene neeree zewuun uguulleg bn shuu... Unshij duussanii daraa ene ulaan tovchluuriin zurgiig uuriin erhgui darchmaar sanagddag bn shd hehe...

Anonymous said...

Орчуулга бол ярих юм алга, сайн байна. Муу гээд байгаа хүн өөрийнхөө үнэлгээгээр сайн гэж үзэж байгаа нэг орчуулга тавиасай гэж хүсч байна. Мөн зарим нэртэй орчуулагч нарын үнэхээр тэр өөрөө орчуулсан юмуу даа гэмээр муу орчуулгууд зөндөө байдаг. Эх хэл дээр нь уншаад харамсмаар, ийм сайхан зохиолыг арай ч дээ гэмээр, заримдаа бүр илт худлаа орчуулчихсан юмнууд ч байдаг нь харамсалтай. Дашмөнхөд амжилт хүсье. Сайн байна.