Sep 22, 2010

Д.Дашмөнх Дусал цус

хуучин хууч
Сэтгэлд гуниг хургаасан намрын бүүдгэр өдөр би Сан Францискогийн хойд хэсгийн гудамжуудаар зүгээр л тэнэж явлаа. Миний хувьд амралтын өдөр байсан ч үнэндээ хийчих юм олдохгүй уйдаад, телевизор ширтэх ч утгагүй санагдсан тул гудамжаар тэнэж явав. Угаас би Сан Францискогийн хүн биш, энд ажлын далимаар ирж, түүнийгээ түүнийгээ амжуулж орхисон тул өнөөдөр ийн сул болж тэгээд уйтгараа сэргээх санаатай гудамжаар алхтал харин бүр уйтгар гунигт автчихдаг байна. Учир нь нэгд, би энэ хотын даунтаун буюу хотын төвөөр урьд нь бишгүй зугаалж байсан, хоёрт, энэ хавьд намрын сүүлээр цөөнгүй тохиолддог цаг улирал эхэлсэн байв. Өдөржин үнсэн саарал манан хөшиглөж, тэнгэр бүрхээд, яс сийгэтэл хүйтэн салхи үлээж ямар ч баяр баясгаланг дарж дөнгөдөг тийм цаг агаар. Хагас цаг алхаад даарч ядарсан би гэдэг хүн онгорхой харагдсан зоогийн газарт шургав.

Ази хоолны газар аж. Хурц жан, халуун ногоо, түлэнхий цууны үнэр ханхлах авч зоогийн газар бараг хоосон байлаа. Тахир дутуу хүний сандалд суусан хорь эргэм насны гоо бүсгүй, түүнийг хооллох, гуч гаруй насны цэвэрхэн төрсөн эр хоёроос өөр хүн байсангүй. Дөнгөж ширээнд суумагц төрөлхийн ийм сайхан инээдэг байх гэж бодмоор инээд алдсан тавиад насны эр давхиж ирээд
-Сайн байна уу? Гадаа дүнсгэр байна шүү эрхэм ээ. Юу захиалах вэ? гэхчилэн урсгаад эндхийн ази хоолны газруудын заншил ёсоор халуун цай аягалав.

Sep 16, 2010

С.Есениний сүүлчийн шүлэг

Би яруу найргийн үнэн хорхойтон бус. Сайхан шүлэг унших дуртай. Тэгээд л тэр... Энэ шүлгийг аугаа Сергей Есенин 1925 оны 12-р сарын 28-нд Санкт Петербург хотын "Англетер" хэмээх зочид буудлын нэгэн өрөөнд өөрийн цусаар бичиж үлдээсэн юм. Тэр өдөр яруу найрагч орчлонгоос үүрд явсан билээ... Энэ шүлгийг би монголчлох гэж оролдсон... Их хэцүү юм билээ, Бас олон найрагчдын монголчилсон хувилбарыг сонсож байсан. Үнэнийг хэлэхэд би энэ шүлгээс болоод нэг ч шүлэг орчуулахгүй гэж шийдсэн юм. Миний анхны бөгөөд эцсийн шүлгийн орчуулага... тун тааруухан...ичмээр... гэхдээ яахав нийтэлчихье...алдаа минь ч гэсэн минийх юм чинь.

Sep 10, 2010

Би Акүтагавагийн “Ширэнгэнд”

Би анх Японы аугаа зохиолч Рюноскэ Акүтагавагийн “Ширэнгэнд” (Yabuno no Naka (藪の中) гэдэг зохиолтой тэртээ 1991 онд таарсан юм. Тэр үед хэвлэгдэж байсан “Уран зөгнөл, адал явдал” гэдэг сонин дээр хэвлэгдсэн байв. Их л адал явдал бодогдож, уншиж байгаад хэн нь алуурчин болохыг ойлгох гэсэн боловч чаддаггүй. Орчуулгаасаа эсвэл би хэт балчир байгаагаасаа болж байна гэж бодсон санагдана. Үнэндээ орчуулга нь тааруухан, зохиолын нэр өөр байсан. Хэн гэдэг хүн орчуулсан байсныг нь ч санахгүй байна. Их сайхан зохиол санагдав. Дараа нь би тэр үедээ “Ленин клуб “ гэж алдаршсан газар “Рашёмон “ гэдэг кино үзэв. Гэтэл өнөөх зохиолыг чинь бүр аль 1950 онд кино болгочихсон аж. Найруулагч нь Акира Куросава...