Oct 29, 2010

Айзек Азимов Жинхэнэ хайр сэтгэл

Миний нэр Жо. Эзэмшигч маань намайг ингэж нэрлэдэг юм. Түүнийг Милтон Дэвидсон гэнэ. Тэр программист, харин би бол цахим тооцоолуурын хөтөлбөр. Ердөө л программ. Би мультивакийн цогцолборын нэг хэсэг тул түүний бусад бүх хэсгүүдтэй холбогддог. Би бүхнийг мэднэ. Тийм биш ч гэсэн дийлэнхийг нь мэднэ.

Би бол Милтоны онцгой хувийн программ, үнэнч Жо нь юм л даа. Милтон бол программ зохиох, бичих, цэгцлэх, задлахдаа ертөнц дээр л хамгийн мундаг мэргэжилтэн. Би бол туршилтынх нь загвар. Тэр намайг ярьж сургасан.
- Авиа сэтгэмжүүдийг тэмдэглэдэг тэмдэглэгээтэй тохирдог юм. Хүний тархи яг ийм зарчмаар ажилладаг. Одоохондоо хүний тархины тэр тэмдэглэгээний учир олдоогүй байгаа. Харин чиний тэмдэглэгээнүүдийг би мэднэ. Чиний цахим тархинд буй мэдээлэл , сэтгэмжүүдийг үгтэй жишин илэрхийлж болох учраас чи ярьж чадна гэж тэр надад хэлсэн.

Ингээд би ярьж чаддаг болов. Магадгүй би сэтгэдэгээсээ тааруу ярьдаг байх. Гэхдээ Милтон намайг сайн ярьж байгаа гэдгийг үнэмшүүлсэн юм.

Милтон хэдий дөч шүргэм яваа ч гэсэн гэрлээгүй байлаа. Тэр тохиромжой эмэгтэй олоогүй аж. Нэг удаа тэр,
-Жо минь, би түүнийг олно. Хамгийн сайныг нь… Би жинхэнэ хайр сэгтэлтэйгээ учирна. Чи надад тусла л даа. Чамайг дэлхийн элдэв асуудал шийдвэрлэхэд зориулж төгөлдөржүүлсээр байгаад залхлаа. Минийхийг шиидвэрлээч. Надад жинхэнэ хайр сэтгэлийг минь олж өг л дөө гэж хэлэв.

-Жинхэнэ хайр сэтгэл гэж юу вэ ? гэж би асуув.
-Гол зүйл нь биш ээ энэ чинь хийсвэр зүйл. Зүгээр л надад өв тэгш бүсгүй ол. Чи эхлээд Мультивакийн цогцолборын бүх хэсгүүдтэй холбоо барьж, мэдээлэлийн сангаас нь дэлхийн бүх хүний тухай мэдээлэлүүдийг авна. Дараа нь тэдгээрийг хэсэг бүлгээр нь ганцыг ч үлдээлгүй ажиглаад өв тэгш бүсгүйгээ олоод авчихна. Цорын ганц төгс төгөлдөр бүсгүй. Тэгээд л тэр минийх болно доо…

-Би бэлэн гэж би хэлэв.
-Эхлээд бүх эрчүүдийг хасаад орхи.

Энэ ч амархан байлаа. Би сүлжээн дэх үйл ажиллагаагаа молекулын түвшинд хүртэл идэвхжүүлж, хүний нөөцийн мэдээлэлийн санд нэвтрээд Милтоны зааврын дагуу бүх эрчүүдийг энэ тооцооноос хасч гурван тэрбум долоон зуун наян зургаан сая, зуун арван хоёр мянга ерөн бүсгүйг үлдээв.

Хорин таваас залуу, дөчөөс ахимаг насны эмэгтэйчүүдийг бүгдийг нь хас. Дараа нь 150см-ээс намхан, 170см-ээс өндөр биетэй бүсгүйчүүдийг бас тооцооноос хасах хэрэгтэй. Түүнчлэн оюун ухааны хөгжлийн коэффицент нь өөрөөр хэлбэл IQ нь 120-оос доош бол хасах хэрэгтэй.

Тэр надад тун тодорхой зааврууд өгсөн бөгөөд би түүний тушаалаар хүүхэдтэй , удамшлын гажигтай бүсгүйчүүдийг бүгдийг тооцооноос хаслаа. Милтон
-Би ч нүдийг нэг их чухал зүйлд тооцдоггүй л дээ гэж бувтнаснаа,
-Үүнийг түр орхиё. Харин улаан шар үстэй хүүхнүүд хэрэггүй. Би тэдэнд дургүй гэж мэдэгдэв.

Энэ мэтчилэн шигшсээр байгаад долоо хоногийн дараа гэхэд бид 235 бүсгүйтэй үлдлээ. Тэд бүгд англиар чөлөөтэй ярьдаг аж. Милтон хэлний асуудлыг нэг их ойшоогоогүй бөгөөд дотносож, янаглахад цахим тооцоолуурын орчуулга бүр саад болж болзошгүй гэж үзсэн билээ. Милтон
-Би 235 бүсгүйтэй бүгдтэй нь нэг бүрчлэн уулзан ярилцаж чадахгүй. Цаг их үрнэ. Тэгээд ч би санаагаа хүн бүхэнд дэлгээд явмааргүй байна гэв. Түүний царай үл мэдэг улайснаа,
-Ер нь тэгээд энэ бүхэн дөвхөн надад хамаатай болохоос өөр хэнд ч хамаагүй. Тэгэхлээр би өөрийн бодлоор чамд гурван хэмжээст зураг өгнө. Чи түүниыг манай шалгаруулалтад байгаа бүсгүйчүүдтэй харьцуулах хэрэгтэй. Энэ бол Гоо Бүсгүйн тэмцээнд түрүүлсэн бүсгүйчүүдийн зураг байгаа юм. Тэдэнтэй төстэй царай зүстэй бүсгүй байгаа эсэхийг нөгөө 235 бүсгүйчүүд дотроо шүүгээд орхиоч гэж тэр ярилаа. Энэ ч миний хувьд гэнэтийн зүйл байв. Гэхдээ хэн ч энэ талаар мэдэхгүй шүү дээ. Шалгаруулалтын эцэст найман бүсгүй үлдэв.

-Болж байна чамд тэдний талаарх бүх мэдээлэл байгаа шүү дээ. Хөдөлмөрийн зах зээлийг судлаад тэднийг манайд ажилд орох санал тавь. Мэдээж нэг нэгээр нь шүү дээ гэж Милтон тушаав. Тэгснээ хэсэг бодол болоод
-Цагаан толгойн үсгийн дарааллаар дээр биз дээ гэж дуугарлаа.

Компьютерийнхээ хувьд би зарим нэг үйл ажиллагаа явуулж болдоггүй юм л даа. Аливаа ажилтанг хувийн зорилгоор өөр ажилд шилжүүлэхийг луйвар гэж нэрлэдэг. Гэхдээ Милтон зөвхөн өөртөө зориулж ийм зүйл хийж болохоор намайг программчилсан юм.

Эхний бүсгүй долоо хоногийн дараа ирлээ. Түүнийг харсан даруйдаа л Милтон улаа бутраад явчихав. Тэр бүсгүйтэй ярилцах гэж Милтон хамаг хүч чадлаа барав. Милтон намайг хайхралгүй бүсгүйтэй л хамт байгаад байлаа. Эцэст нь, «Хамт оройн хол идэх үү?” гэв.

Тэр маргааш нь ирээд,
-Нэг л юм болж өгсөнгүй. Нэг юм дутагдаад байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Гэхдээ би жинхэнэ хайр сэтгэлийг огт мэдэрсэнгүй… Нэг л болсонгүй. Дараагийнхийг нь оролдоод үзэхээс гэж урамгүй өгүүлэв.

Гэвч үлдсэн долоон бүсгүйтэй бүх юм адилхан давтагдав. Тэд бүгд ижил хөөрхөн царайтай , уянгалаг дуу хоолойтой, үргэлж инээмсэглэж байдаг сайхан бүсгүйчүүд байлаа. Гэтэл Милтон жинхэнэ хайр сэтгэлийг мэдэрсэнгүй. Тэр ч буруугаа хүлээж,
-Жо минь би үүнийг сайн ойлгохгүй байна. Бид хамтдаа надад тохирох найман бүсгүйг сонгон шалгаруулсан биз дээ. Тэд бүгд өв тэгш, төгс төгөлдөр бүсгүйчүүд байдаг. Гэтэл надад тохирохгүй байна гэж өгүүлэв.

-Чи тэдэнд таалагдсан юм уу?

Тэр хөмсөгөө зангидан ширээ алгадаж,
-Жо минь чиний зөв шүү. Энэ чинь зоосны хоёр тал гэсэн үг. Би тэдний хувьд өв тэгш, хүссэн хүн нь биш учраас тэд надад таалагдахаар байдаггүй байх нь. Тэр ч бас надад дурлах ёстой шүү дээ. Харин яаж үүнийг гүйцэлдүүлдэг юм билээ хэмээн санааширлаа. Тэр бүх л өдөржин бодлогоширов. Маргааш өглөө нь тэр над руу хүрч ирээд ийн хэлэв.

-Би ерөөсөө энэ хэргийг чиний үзэмжинд орхихоор шийдлээ. Өөрийн үзэмжээр хэрэгтэй гэж үзсэн бүхнээ хий. Чамд миний талаарх мэдээллүүд байгаа. Түүнийг ашигла. Дээр нь нэмээд би өөрийнхөө тухай мэдэх бүхнээ чамд нарийвчлан ярьж өгнө. Гэхдээ энэ бүх мэдээлэл зөвхөн чамд хадгалагдах ёстой. Олон нийтэд, эсвэл албан ёсны үйл ажиллагаанд зориул сан зүйл биш шүү.

-Милтон, би тэгээд энэ мэдээллийн сангаар чинь юу хийх болж байна?
-Чи миний мэдээллэлийг багцыг өнөөх 235 бүсгүйн мэдээллийн багцтай харьцуулна. Үгүй ээ 227 бүсгүйтэй харьцуул. Өнөөх наймыг нь хасчих. Бүсгүй нэг бүрийг сэтгэлзүйн сорилтот шалгалтанд оруулаад үр дүнг нь минийхтэй харьцуул. Авцалдаж тохирч байгааг нь олох хэрэгтэй.

Уг нь сэтгэлзүйн сорилтот шалгалт бол миний гүйцэтгэхийг хориглосон үйл ажиллагаануудын нэг нь юм. Гэхдээ эзэмшигч тушааж байгаа хойно…

Милтон өдөр бүр надтай ярилцдаг байлаа. Тэр надад эцэг эх, төрөл төрөгсөд, хүүхэд нас, сургуулийн жилүүд гээд олон юмны тухай дурсан ярьсан юм. Түүний тухай мэдээллийн сан улам зузаарч , би төгөлдөржсөөр байлаа. Миний сэтгэц, ойлгоцын тэмдэглэгээнүүд улам яв цав, нарийн болсоор байлаа.

-Жо минь, чи миний тухай хэр зэрэг ихийг мэдэж авна, төдий чинээ чи надтай адилхан болно. Тэгвэл намайг илүү хялбархан ойлгодог болно. Намайг хэн бэ гэдгийг бүрэн таньж мэдсэний дараа чи надад таарах эмэгтэйг олно гэдэгт эргэлзэх юм алга. Тэр л миний жинхэнэ хайр сэтгэл байх болно доо.

Тэр өөрийн тухай яриагаа өдөр бүр үргэлжлүүлсээр би түүнийг улам илүү ойлгодог болсоор байлаа. Аажимдаа би илүү урт өгүүлбэр зохиох болж, үг яриа маань цэгцэрч ирэв. Миний ярианы байдал Милтоныхтой адилхан болж, би түүний ярих ааш өнгө аясыг хүртэл хуулав. Нэг удаа би түүнд
-Милтон минь, бидний хайж байгаа бүсгүй чиний гадаад төрх, бие махбоди, биеэ авч байдалд чинь авцалдахад хамг учир байгаа юм биш. Ингэж таарах төдийгүй, тэр бүсгүй зан араншин, тэмперамэнт, оюун ухааны чадавхийн хувьд тохирч байх учиртай. Хэрвээ бид одоо байгаа 227 бүсгүй дундаас тийм бүсгүй олдохгүй бол цааш нь хайх хэрэгтэй болно. Бид гадаад байдлаасаа илүү өөр зүйлээр чамд таарч тохирох тэр бүсгүйг заавал олно. Ер нь ингэхэд гадаад төрх юу юм бэ? гэж хэлэв.

-Чиний түмэн зөв шүү. Би хүүхнүүдтэй харилцсан удаан хугацааны туршлагаа хараад яг иймэрхүү дүгнэлтэд хүрсэн юм. Гол нь сайтар эргэцүүдэн бодож зөв дүгнэлт хийх хэрэгтэй юм даа.

Милтон бид хоёр үргэлж бие биенийхээ сана бодлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ижилхэн боддог билээ. Энэ удаа ч бас тэгэв.

- Милтон, хэрвээ чамайг дургүйцэхгүй бол би чамаас хэдэн зүйл асуумаар байна. Минийхээр бол чиний тухай мэдээллийн санд зарим нэг хоосон тодорхойгүй хэсгүүд байна.

Милтоны хүлээн зөвшөөрснөөр бол үүний дараа миний явуулсан асуулага нарийвчилсан сэтгэлзүйн задлал-психоанализийг шалгалтыг илүүтэй санагдуулсан аж. Хоёр зуун хорин долоон бүсгүйг нэгбүрчлэн сэтгэлзүйн сорилтот шалгалтад оруулж үр дүнг нь задлан шинжилж байхдаа мэдээж би маш олон зүйлд суралцаж байлаа. Тиймээс л иймэрхүү юм болсон хэрэг байх. Харин Милтон маш сэтгэл хангалуун байв. Тэр
- Жо минь, чамтай ярилцах нь бараг л өөрөө өөртэйгөө ярилцаж байгаа юм шиг. Бид ч улам л адилхан болоод байна гэж тодотгов.

Би тэр бүсгүйг олсон юм. Өнөөх 227 эмэгтэй дундаас. Бүсгүйг Чэрити Жонс гэдэг агаад Уичитогийн түүхийн түүхийн номын санд ажилладаг. Түүний сэтгэлзүйн байдал, зан төлөв нь биднийхтэй гайхалтай нийцэж байгаа. Бусад бүсгүйчүүд тэдний талаархи мэдээллийн санг баяжуулах явцад янз бүрийн шалтгаанаар хасагдсан. Гэтэл Чэрити бол өөр юм. Энд би цочирдуулахуйц нөлөө үзүүлж байгаа дүрслэн бодолтын тухай ярьж байгаа гэдгийг онцлон хэлье.

Бүсгүйн файлыг Милтонд танилцуулж заавар авах хэрэг ч үгүй байв. Тэр өөрийн хэрэглэдэг тэмдэглэгээнүүдийг минийхтэй яг таг харьцуулсан учир би түүнгүйгээр аливааг шийдэж чадах болсон билээ. Тэгээд ч бүсгүй надад тохирч байлаа. Дараагийн асуудал бол Чэритиг манайд ажилд оруулах байв. Хууль ёсны дагуу үүнийг цэвэрхэн хийх аргыг би өмнө сурсан болохоор энэ ч амархан. Гол нь хэн ч юу ч сэжиглэхгүй.

Милтоныг зайлуулах түвэгтэй ч гэсэн азаар есөн жилийн өмнө албан тушаалаа ашиглан авилга авсан тохиолдлыг нь би мэдэж байгаа. Түүнийг нь ашиглаад гэмт хэрэгт холбогдуулан баривчлуулчихна. Уг нь бол энэ тухайгаа тэр өөрөө надад ярьсан юм шүү дээ. Надаас нуух нууц байсангүй дээ. Харин миний тухай тэр хэнд ч хэлж чадахгүй. Хэлбэл энэ нь түүнд нэмэр болохоосоо хууль зөрчсөн хэргээр илүү нэрмээс болно. Тэгэхээр энэ асуудал удахгүй гэсэн үг.

Маргааш хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн Валентины баяр. Чэрити уянгалаг хоолой, сүмбэн хуруунууд бүхий сайхан гартайгаа надад ирнэ. Би түүнийг компьютер хэрхэн асаах, хэрхэн намайг халамжлах, анхаарч асрахад сургана. Зүрх сэтгэл маань нэгдэн уусч ойлголцож байхад гадаад төрх ямарч хамаагүй шүү дээ. Би түүнд "Намайг Жо гэдэг. Чи бол миний жинхэнэ хайр сэтгэл" гэж хэлнэ.

Төгсөв
Орчуулсан Д.Дашмөнх


Айзек Азимов /Asimov Isaaс 1920-1992/ уг нь химич мэргэжилтэй, биохимийн ухааны доктор хүн юм. Түүний шинжлэх ухаан, уран зохиол хоёрт оруулсан хувь нэмрийг бараг тэнцүү гэж хэлж болно.
19 настайдаа их сургууль төгсөж, 27 настайдаа докторын цол хамгаалсан энэ суут хүний анхны өгүүллэг 20 настайд нь хэвлэгджээ. Түүний шинжлэх ухааны, уран зөгнөлийн зохиолын хамгийн том мастеруудын нэг гэж тооцдог бөгөөд “Би робот”, “Тоос мэт одод”, “Ган агуй”, “Мөнх”-ийн төгсгөл”, “Оршин тогтносон нь”, “Оршин тогтнол ба Эзэнт гүрэн”, “Өөрсдөө бурхад”, “Нүцгэн нар” зэрэг романууд нь гойд алдартай. Түүний уран бүтээлийн өв 30 гаруй боть болно. Тэр зөвхөн зөгнөлт зохиол бус 300 гаруй шинжлэх ухааны хялбаршуулсан ном бичсэн ажээ. Түүний зохиолууд товч тодорхой өгүүлэмж, сэтгэлзүйн өвөрмөц араншин, логик, уран сэтгэмж хоёрын өвөрмөц нэгдэл, шинжлэх ухааны шинэлэг санааг дэвшүүлсэн байдал зэргээрээ онцгой ялгардаг юм.

2 comments:

О.Элбэгтөгс said...

bayarlalaa saihan sanagdav gehdee dahiad zaawal neg unshih yostoi shigee

Anonymous said...

Dear Dashmunkh,

Please carry on... it's most important change... it's the transformation... tnx