Sep 22, 2010

Д.Дашмөнх Дусал цус

хуучин хууч
Сэтгэлд гуниг хургаасан намрын бүүдгэр өдөр би Сан Францискогийн хойд хэсгийн гудамжуудаар зүгээр л тэнэж явлаа. Миний хувьд амралтын өдөр байсан ч үнэндээ хийчих юм олдохгүй уйдаад, телевизор ширтэх ч утгагүй санагдсан тул гудамжаар тэнэж явав. Угаас би Сан Францискогийн хүн биш, энд ажлын далимаар ирж, түүнийгээ түүнийгээ амжуулж орхисон тул өнөөдөр ийн сул болж тэгээд уйтгараа сэргээх санаатай гудамжаар алхтал харин бүр уйтгар гунигт автчихдаг байна. Учир нь нэгд, би энэ хотын даунтаун буюу хотын төвөөр урьд нь бишгүй зугаалж байсан, хоёрт, энэ хавьд намрын сүүлээр цөөнгүй тохиолддог цаг улирал эхэлсэн байв. Өдөржин үнсэн саарал манан хөшиглөж, тэнгэр бүрхээд, яс сийгэтэл хүйтэн салхи үлээж ямар ч баяр баясгаланг дарж дөнгөдөг тийм цаг агаар. Хагас цаг алхаад даарч ядарсан би гэдэг хүн онгорхой харагдсан зоогийн газарт шургав.

Ази хоолны газар аж. Хурц жан, халуун ногоо, түлэнхий цууны үнэр ханхлах авч зоогийн газар бараг хоосон байлаа. Тахир дутуу хүний сандалд суусан хорь эргэм насны гоо бүсгүй, түүнийг хооллох, гуч гаруй насны цэвэрхэн төрсөн эр хоёроос өөр хүн байсангүй. Дөнгөж ширээнд суумагц төрөлхийн ийм сайхан инээдэг байх гэж бодмоор инээд алдсан тавиад насны эр давхиж ирээд
-Сайн байна уу? Гадаа дүнсгэр байна шүү эрхэм ээ. Юу захиалах вэ? гэхчилэн урсгаад эндхийн ази хоолны газруудын заншил ёсоор халуун цай аягалав.

Би шарсан банш захиалаад халуун ногоон цай оочлон бүлээцэнгээ хооллож суугаа бүсгүй залуу хоёрыг ажив. Тэднийг хооллож байна гэж хэлэхэд хэцүү л юм. Үүлгүй хэрнээ саргүй түнэр шөнө адил үзэсгэлэнтэй бас сэрдхийлгэсэн бүсгүй эргэн тойрны юмсыг нэг хэвийн сийлмэл харцаар тойруулан харна. Залууг шөл халбагадан аманд нь дөхүүлэхэд бүсгүй залуугийн нүд үрүү нэг том хараад л балгачихна. Үзэсгэлэнтэй тэр бүсгүй тахир дутуу хүний тэргэнцэртэйгээ даанч зохицоогүй байхад түүнийг асарч буй залуу бүрч авцалдахгүй аж. Харин тэднийг намар оройн цэцэрлэгт гар гараасаа хөтлөлцөн гурав дөрвөн настай хүү ч юм уу охиноо энхрийлэн харсан шиг зугаалж явна гэж төсөөлбөл илүү сайхан санагдах байх. Гэтэл энд ийм өдөр нэг нь нэгийгээ хооллох аядаж суугаа нь дэндүү гунигтай ажгуу. Би улам л гуниг гутралд дарагдаж байх шиг, эсвэл... Хоолны газрын эзэн миний өмнө ходоод гижигдсэн хурц үнэртэй шарсан банш авчирч тавих хүртэл хэдий удсаныг бүү мэд, бас би өөрөө юу бодсоноо ч сайн санахгүй байна. Лав л тэднийг удаан гөлөрсөн байх. Ямар ч байсан хоолны газрын эзэн надад дахиад нэг данх цай авчирч өгсөн юмдаг. Харин банш, халуун цай хоёр намайг орчлонгоос салгачихсаныг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хоосорсон тавагтай хамт миний сэтгэл сэргэж, дотор уужран, хамаг бие халуу дүүгээд ирэв. Өглөөнөөс хойш намайг дарлаад байсан гутрал ор мөргүй арилжээ. Хүн гэдэг тун шалихгүй юмаар сэтгэл санаандаа дөрлүүлчихсэн байдаг аж. Ердөө хэдэн аяга халуун цай, таваг шарсан банш чамд аз жаргал авчирна гэж хэлбэл хүмүүс намайг солиотойд тооцох байх даа.

Хүний сэтгэл ханаж, гэдэс цадаад ирэхийг андахгүй мэдэрч тэр үед нь илүү мөнгө салгаж сурсан хоолны газрын эзэн давхиж ирээд өөр илүү дутуу юм хэрэгтэй эсэхийг лавлах мөчид би өнөөх жигтэй хосуудын тухай санаж тэднийг нүдээрээ хайж байлаа. Харин тэд аль хэдийнэ явчихжээ. Бас гадаа бороо шаагиж байх юм. Одоо энэ зоогийн газрын цорын ганц үйлчлүүлэгч нь би болжээ. Эзнийг надаас юм асуух мөчид би өнөөх хосуудын тухай хачирхан бодож байснаа
- Тэдэнд өөр юм хэрэггүй байх л даа гэж дуугарчихав.

Гуанзны эзэн инээд алдаж
- Өө та түрүүн энд хооллож байсан хосуудыг хэлж байна уу? Тэдэнд юу хэрэгтэйг бурхан ч мэдэхгүй байх даа гэж хэлэв.

- Та тэднийг таньдаг юм уу?
- Тэд энд сүүлийн гучин хоёр жилийн турш долоо хоног бүр ирж байгаа юм гэж хэлбэл та итгэх үү? Гэхдээ би тэдний нэрийг огт мэдэхгүй гэдгээ хэлчихье. Ер нь бол тэд наж могойн махан шөл, нугасны махан хуурга л голдуу захиалдаг юм. Та дахиад цай уух уу? Нэмж юм захиалахгүй биз?
- Өөр төрлийн хоол иддэггүй гэж үү? Бас гучин хоёр жилийн турш гэж та хэлсэн үү? хэмээн намайг лавлахад тэр зүүн өмнөд азийнхны залирхаг байдлаар нүдээ жоотойлгон намайг харснаа сууж
- Намайг ухаан ороход, эцгийг маань энэ гуанзыг ажлуулдаг байхад л тэд энд хооллодог байсан юм. Тэд гурван дусал цусаар амьдарч байгаа юм л даа. Гэхдээ цус сорогч энэ тэр огт биш. Зүгээр л хоёр дусал цустай залуу нь ганц дусал цустай гэргийгээ асардаг юм. Дэндүү бага цуснаасаа болдог байх, эхнэр нь лав юу дуугардаггүй юм. Гучин хоёр жилийн өмнө ийм л хүмүүс байсан. Одоо ч ийм л байгаа юм. Хаана амьдардаг нь танд сонин байж болох ч би даанч мэдэхгүй гэж далан долоон үг дэлгэхэд нь би бүүр мэлэрч гүйцсэн байлаа.

Үнэндээ би түүний ярианаас юу ч ойлгосонгүй. Харин өнөөх эр явж өөртөө аяга авчраад цай хийж авснаа
- Би жаахан эмх замбраагүй яриад та юу ч ойлгосонгүй еэ дээ гэв. Би дуугүй л толгой дохилоо.

-Эцэг эх маань уг гарлаараа Аннамын уулсаас гаралтай. Түрүүний эхнэр нөхөр хоёр ч тэндхийн хүмүүс гэж аав маань надад хэлсэн юм. Тэд идсэн хоолныхоо үнийг бүрэн төлөөд байдаг, тогтмол энд хооллодог болохоор хэдэн настай, хэн гэдэг, яагаад хөгширдөггүй нь надад ямар хамаа байх вэ дээ. Гэхдээ заримдаа тэдний тухай бодохоор өрөвдөөд байдаг юм. Үр хүүхэд ч үгүй, үхэж ч чадахгүй... Эцэг маань тэдний түүхийг надад хуучилсан юм л даа. Залууг Фам гэдэг, уулын тосгонд амьдардаг, жирийн л нэг түлээчин залуу байжээ. Гэвч тэр үнэхээр цэвэрхэн сайхан төрсөн эр болохыг та өөрөө харсан шүү дээ.

- Та тэдний нэрийг мэдэхгүй гээгүй бил үү?
- Эцэг маань залуугийн нэрийг Фам гэдэг байсан гэж хэлсэн. Харин би энэ үнэхээр түүний нэр мөн эсэхийг мэдэхгүй. Би түүнийг энэ нэрээр хэзээ ч дуудаж байгаагүй. Бас тэр эрхмийн нэрийг хэзээ ч лавлаж байгаагүй. Ер нь тэгээд хүмүүс цөмөөрөө хөөлгөж жигнэсэн гурилан идэх юмыг талх гэж нэрлээд тэмдэглээд байдгаас утга учрыг боддог гэж үү? Бодох ч шаардлага байгаа юм уу? Залуугийн нэр Фам байсан ч үгүй ч нэг их ач холбогдолгүй. Энэ ч миний ярих гэсэн зүйл биш. Аанхим,...Тэгээд сайхан төрсөн Фам зэргэлдээ тосгоны худалдаачны охинтой гэрлэжээ. Их шалж, эргүүлж, асар үнэтэй инж буулгаж байж гэрлэсэн гэдэг. Эхэндээ ч залуу хосуудын амьдрал сайхан байж, тэднийг хараад баярладаггүй хүн тэр хавьд байдаггүй байсан л гэж ярилцдаг юм. Гэтэл юунаас болсон юм бүү мэд эхнэр нь өвчилж өдөр ирэх тусам цог золбоогоо алдаж, үргэлж уйлж ёолж, гэртээ шигдэн орондоо хэвтэх болж. Тэгээд гэрлээд жил ч болоогүй байхад нас барчихжээ. Залуу байшин, хогшил гээд өөрт бүхнээ зарж, ганц одос тэрэг худалдан аваад гэргийнхээ шарилыг ачиж алсын замд гарчээ. Хүмүүс хаашаа явж байгааг нь мэдсэнгүй сонирхсон ч үгүй. Тэгээд сүүлд нь мэдэхнээ залуу орой нь үргэлж үүлэнд умбаж байдаг шовх уулсад хүрч эрдэмт даяанчтай уулзсан байлаа. Тэнд очих гэж их зүдэрсэн биз. Зуугаас ихийг насласан өвгөн даяанчаас Фам эхнэрээ амилуулж өгөхийг гуйж, өөртөө байсан бүх хөрөнгө болох арван лан алтаа өргөхөд нь даяанч
- Надад алт хэрэггүй. Харин чиний энэ хүртэл туулсан зам, гэргийгээ хайрлах сэтгэл чинь намайг үнэхээр уяраав гэж хэлээд тэдний зураг төөргийг үзжээ. Тэгээд
- Хэрвээ чамтай гэрлээгүй бол эхнэр чинь урт удаан наслаж, таван хүүхэд төрүүлэх байж. Харин чамтай амьдраад нас нь богиносож өөд болжээ. Гэхдээ энд чиний юм уу түүний буруу огт байхгүй. Харандаа тавиур дээр хэвтээд байвал магад мянган жилийн хойно хумхийн тоос болж нас нь дуусах байх. Гэтэл түүнийг аваад зураад эхэлбэл тун удахгүй хумхийн тоос болно шүү дээ. Амьдрал үүнтэй адил билээ. Нэгэнт хувь тавилангаар гэргийн чинь нас дууссан учир тэр амилбал өөр хүний амьдралыг авах учиртай. Яг амийг нь биш л дээ. Гэхдээ өөр хүний амьдралын аз жаргал, баяр баясгалан, сэтгэл ханамж гурвыг авбал дахиж амьдардаг юм. Харин хэн түүнд тэдгээрийгээ өгөх вэ дээ хэмээн өгүүлжээ.

Залуу эргэлзсэн ч үгүй гэргийдээ үнэн хайртай, түүнийгээ харж байхаас илүү жаргал гэж түүнд үгүй болохоор өөртөө байгаа бүхнээ өгч гэргийгээ амилуулах хүсэлтэй байгаагаа өчив. Гэтэл даяанч
- Харин гэргий чинь юу гэж боддог байсан бол? гэж асуужээ. Фам хариуд нь
- Тэр надтай гэрлээгүй бол урт удаан сайхан амьдрах байсан гэж та хэлсэн. Харин би түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна гэжээ.

Ингээд өвгөн даяанч шидийг үзүүлж залуу Фамын ирээдүйн амьдралаас цэл залуу насны баяр баясгалан, үр хүүхэдтэйн аз жаргал, амьдралын сэтгэл ханамж гурвыг нь авч Фамын өөрийнх нь гурван дусал цусанд шингээгээд түүнд өгч ийн хэлсэн гэдэг.
- Чи энэ гурван дусал цусыг эхнэрийнхээ аманд нэг нэгээр нь дусаа. Тэгвэл эхнэр чинь амилна. Нэгэнт өгсөн юм буцаагаад авч бас болох биз. Тэгвэл яахыг би мэдэхгүй юм даа. Харин үүнээс хойш чи үргэлж гуч хэвийсэн залуу эр байх бөгөөд хэзээ ч үр хүүхэдтэй болохгүй, бас хэзээ ч хөгшрөхгүй.

Фам даяанчид талархсанаа илэрхийлээд эхнэрээ амилуулж, тосгондоо буцаж иржээ.

Фам дахиад л гар хумхилгүй хөдөлмөрлөж, түүний зэрэгцээ шинэ байшин барьж эхэлсэн боловч баяр баясгалан, уйтгар гуниг аль аль нь ч байхгүй нэг л хэвийн царцанги зан ааштай болчихсон байжээ. Нэгэнт л бусадтай адил сэтгэл нь хөдөлж тэдний аз жаргал гай зовлонг хуваалцаж чадахаа больсон учир тосгоныхонтойгоо ярихаа ч больжээ. Харин эхнэр нь урьд байгаагүйгээрээ цовоо цолгин ааштай болж, юм л бол цангинатал инээдгээрээ ихэд алдаршсан гэдэг юм. Фамыг шинэ байшингаа барьж дууссан тэр өдөр гэргий нь газрын гаваар орсон мэт алга болчихсон гэдэг. Итгэж болдоггүй цуу үгээр бол тосгонд ирсэн баян худалдаачныг дагаад явчихсан бололтой. Фам дөнгөж барьсан байшиндаа хоног төөрүүлж чадалгүй зарж, ахиад нэг одос тэрэг худалдан аваад алсын замд гарчээ. Энэ удаа эхнэрээ эрэхээр явж байгаа нь тодорхой байсан ч чухам хаашаа явж байгааг нь бас л хэн ч мэдсэнгүй. Хожим ч олж мэдээгүй юм.

Гэхдээ энэ хавтгай ертөнцөд ямар ч зүйл ул мөргүй байх нь ховор тул Фамын хэрхсэнийг тэр тосгоны нэгэн залуу мэджээ. Залууг Донг гэх бөгөөд дөнгөж арваннайм хүрч байв. Тэр Фамын үзэсгэлэнт эхнэрт дурласан байж. Түүнээсээ болж Фамын гэрийн гадаа шөнө бүр очиж, тэдний хэрхэн янаглалдан цэнгэж байгааг сонсдог байсан бөгөөд сүүлдээ тэсэлгүй ханыг нь сэм өрөмдөж нүх гаргаад түүгээрээ шагайн сэтгэлээ хангадаг болжээ. Гай болоход Фамын эхнэр харанхуйд янагийн ажил хийх дургүй бүсгүй байсан тул заавал дэргэдээ хэдэн лаа асаан тавьдаг байв. Лааны дальдчих бүдэг гэрэл дундах янагийн цэнгэл нь үйлдэж байгаадаа ч, үзэж байгаадаа ч сайхан байсан биз ээ. Донг Фамыг гэргийгээ эрэхээр тосгоноос явах үед нь дагаад л туучихжээ. Тэр ч бас Фамын хөөрхөн эхнэргүйгээр, тэдний салхин сарны явдлыг харахгүйгээр амьдарч чадахгүй болсноо мэдсэн хэрэг. Эхэндээ тэр Фамыг сэм дагаад л яваад байсан боловч, сүүлдээ Фам түүнийг анзаарч, тэгээд танилуудын ёсоор уулзаж, эцэст нь учраа ололцож хамтдаа аялах болцгоосон юм. Тэд хол аялж, Фамын эхнэрийг үнэхээр цөхрөлтгүй гурван жил хайсан гэж байгаа. Нэг нь хайрт эхнэрээ харах, нөгөөх нь тачаангуй үзмэрээ дахин үзэх гэж тэр байх даа.

Нэг өдөр тэд тансаг зоогойн довжоон дээр суугаад ганц хэрчим шарсан загас, аяга будаагаа зоогийн газраас ханхлах нарийн хоолны үнэр, үйлчлүүлэгчдийнх нь наргианы чимээгээр даруулан хувааж идэж байв. Гэнэт л Фам "Энэ эхнэрийн маань дуу мөн байна. Яг ингэж цангинатал инээдэг юм" үсрэн босчээ...

Гуанзны эзэн ам нь цангасан бололтой ногоон цайнаас шоржигнуулан сорж уутал дунд хирийн насны нүд дүүрэн эмэгтэй бидэн үрүү хүрч ирснээ
- Өршөөгөөрэй, манай нөхрийг. Гуанз ажиллуулж бизнес хийж байгаагаа мартаад л элдэв юм хуучлаад байх шиг байна гээд нөхөртөө хандан
- Хонгор минь, хоёр ч гоймонтой шөлний захиалга ирснийг хийчихлээ. Чи хүргээд өгчихгүй юү? гэж найрсаг нь аргагүй дуугарлаа. Эзэн өнөөх л инээмтгий жоотгор нүдээрээ намайг харж
- Хүмүүс ямбатай шүү. Энд би тэднийг ирэх болов уу гээд цэлгэр танхим бэлдтэл гэртээ хоолоо зөөлгөж идээд байдаг. Багавтар танхим бэлдвэл бүгд ирэээд шавчих байх даа гээд хөхрөв.
- Тэгээд өнөө Фам яасан бэ?
-Өө, Фамын эхнэр нэг баян худалдаачинтай нөхцсөн байж. Тэгээд л хайж явсан хоёртой тэр зоогойд таарч л дээ. Ингэхэд та тооцоогоо манай эхнэртэй хийчихгүй юү. Би явахгүй бол болохгүй нь.

Намайг тооцоогоо хийж ахиухан мөнгөөр гар цайлгаад гуанзнаас гарахад бороо зогссон байв. Яагаад ч юм бэ нойр хүрч байсан тул буудал уруугаа яарав. Өнөөх их гуниг гутрал хаачсаныг бүү мэд. Маргааш нь би Сан Францискогоос явсан билээ.

Одоо хүртэл би тэнд дахиж очоогүй л байна. Очвол тэр зоогийн газарт очиж, мөнөөх түүхийн төгсгөлийн хэсгийг яриулахсан, аз таарвал өнөөх жигтэй хосуудыг дахин нэг харах байх гэж боддог л юм. Гэхдээ пуужин, компьютэр, гар утасны эринд амьдарч байгаа дөч шүргэж яваа эр үлгэрт хорхойсох нь тэнэг санагддаг ажгуу. Бас гуанзны нэрийг ч сайн санахгүй байгаа юм. "Донгийн гуанз" гэсэн байл уу?

2003 он


2 comments:

Б.Баясгалан said...

tergentser deer suusan uzesgelentei busgui er nohrooroo naj mogoin mahtai hool halbagaduulaad l...

nuutslag l ed bna... heseg byasalgaval tednii tuuhiig butneer ni harchihaj boloh yum shig sanagdchihlaa.

Anonymous said...

Sonirxoltoi ornol bna shuu. Er n bogino oguulegiig ingej amttai bicix n bas sodon yum..