Sep 10, 2010

Би Акүтагавагийн “Ширэнгэнд”

Би анх Японы аугаа зохиолч Рюноскэ Акүтагавагийн “Ширэнгэнд” (Yabuno no Naka (藪の中) гэдэг зохиолтой тэртээ 1991 онд таарсан юм. Тэр үед хэвлэгдэж байсан “Уран зөгнөл, адал явдал” гэдэг сонин дээр хэвлэгдсэн байв. Их л адал явдал бодогдож, уншиж байгаад хэн нь алуурчин болохыг ойлгох гэсэн боловч чаддаггүй. Орчуулгаасаа эсвэл би хэт балчир байгаагаасаа болж байна гэж бодсон санагдана. Үнэндээ орчуулга нь тааруухан, зохиолын нэр өөр байсан. Хэн гэдэг хүн орчуулсан байсныг нь ч санахгүй байна. Их сайхан зохиол санагдав. Дараа нь би тэр үедээ “Ленин клуб “ гэж алдаршсан газар “Рашёмон “ гэдэг кино үзэв. Гэтэл өнөөх зохиолыг чинь бүр аль 1950 онд кино болгочихсон аж. Найруулагч нь Акира Куросава...
Ингэж би Японы нэгэн гайхамшигт уран бүтээлтэй танилцсан юм. “Рашёмон” киног үзээд бас л нэг зүйлд эргэлзэв. Хэн нь алуурчин бэ? Хариулж чаддаггүй . Шууд л маргааш нь эх зохиолыг нь олохоор шийдэж Улсын Төв Номын Санд давхиж очоод Рюноскэ Акүтагавагийн орос хэл дээрх түүврийг авч уншив. Ер нь тэр үед япон хэлтэй хүн цөөн байсан тул би хувьдаа тар зохиолыг орос хэлнээс орчуулсан болов уу гэж таамагласан билээ. Ингээд уг түүврээс “В чаще” гэдэг нэртэй туурийг уншив. Нилээн хэд дахин уншив. Уншаад хоёр зүйлийг маш сайн ойлгов. Нэгд, энэ бол алуурчныг нь олж төгсдөг детектив зохиол биш, хоёрт алуурчин нь хэн гэдэгт учир нь байгаа юм биш. Ингэж би энэ зохиолын амтанд, өөрийн хамгийн гайхалтай зохиолчдын нэг гэж боддог Рюноскэ Акүтагавагийн зохиолуудын амтанд орсон юм.

“Ширэнгэнд” туурийг би дахин дахин унших бүртээ өөртөө шинээр нээж, олон янзын бодолд автаж, гайхан балмагддаг билээ. Бүр энэ зохиолыг ойлгохын тулд хэсэгчлэн задаргаа шинжилгээ хийсэн тэмдэглэл бичиж хүртэл үзсэн юм. Одоо уншихад их л инээдтэй, сүржин ойворгон эд боловч надад уран зохиолыг ойлгоход, жинхэнэ уран бүтээл, урлаг гэж юу болохыг мэддэг болоход асар их тус хүргэсэн эд билээ. Тэрхүү тэмдэглэлээсээ жишээ болгон ялихгүй хэсгийг нь энэ өгүүлэлдээ оруулахаар шийдлээ. Гэхдээ олон жилийн өмнөх залуу насны гэнэн дэврүүн сэтгэлээр бичигдсэн эд гэдгийг анхаарна уу. Уг нь одоо шинэчлэн найруулан засаж болох ч тэгсэнгүй.
“... Бадарчин гэлэнгийн шүүхийн түшмэлд өчсөн өчил хэсэг сүрхий олон зүйл тодруулдаггүй юм байна. Гэхдээ хэд хэдэн зүйлийг анхаармаар юм. Нэгд, бадарчин бол зен буддын гэлэн. /Японд шарын шашинд байдаг юм уу/ , хоёрт Сун гэдэг Японы уртын хэмжээс хэр өндөр болохыг ойлгох, гуравт Японд дээр үед адуу байсан юмуу даа тэгээд ч дээр үед тэд нар морийг аян замын холыг товчлох бус , аян замд тухтай аялах хэрэгсэл л болгодог байсан байх. Эрэгтэй нь морийг нь хөтлөөд эмэгтэй нь унаад хөтлүүлж явсан байна. Дөрөвт, саадагнаас нь хорин сум цухуйж байсан гэдгийг анхаарах. Ер нь кинон дээр нь яг ингэж гардаг. Бас тэр хүүхэн том далбагар малгай өмсөөд тэрнийхээ үзүүрээс тор унжуулж нүүр толгойгоо битүүлсэн гүнгэрваатай бурхан шиг амьтан байжээ дээ. Гэлэнгийн яриа их гэмгүй. Гэхдээ сайн уншвал тийм биш. Эхэндээ мань эр дан баримт тоочоод тэр цагт тийм зам дээр таарсан, тийм дүр төрхтэй гээд явж байснаа биш болдог. Ертөнцөөс тасарч ангижирч , гэгээрэх гэж яваа нөхөр чинь өнөө морь унасан сайхан бүсгүйн барааг, хувцсыг нь хармагцаа элдэв юм бодсон бололтой. Бүсгүйн биеийн өндрийг хүртэл багцаалдсан байгаа юм. Царай нь харагдахгүй байсан болохоор бие хааг нь шинжсэн байх. Зен буддын бадарчин лам нар маш том далбагар сийрсэн малгай өмсөж царайгаа халхалж , таяг барьж явдаг. Ер нь ертөнцөөс ангижрах гэж буй хүн бусдын царай төрхийг шохоорхох байтугай өөрийнхийгөө бусдад харуулах хэрэггүй байх. Чухам тиймээс л тэд нар тэр том малгайгаагаараа гадаад орчноос халхлах хамгаалалт хийдэг байх. Гэтэл энэ гэлэн шарга морины зассан дэлийг хүртэл харсныг бодоход зөрөөд өнгөрсөн биш зогсож байгаад дээшээ өлийн нилээн сайн харж авчээ. Хөөрхий амьтан ердийн нэг муу эр хүн байж. Гэтэл тэрийгээ далдлахчаан аядаад “Хүүхний өндөр тэр орчим болов уу , би гэлэн хүн тул энэ мэт юманд тааруухан гэж” хаяагаа манажээ. Акутагава бас зэвүүн яг энэ хооронд зай үлдээгээд баахан гурван цэг тавиад хаячихсан байгаа юм. хүн бүхэн энэ хэсгийг уншаад хүссэнээ бодож болох нь ээ … /хэрвээ орос орчуулага үнэн бол шүү дээ /Лам бас эрэгтэй нь нум саадаг агсаж илд зүүсэн, өөрөөр хэлбэл жинхэнэ дайчин самурай байсныг хараад саадганд нь хорин сум байсныг тоолжээ. Мөргөл тарни цээжилсээр байгаад ой сайтай болсон байх. Тэгснээ гэнэт өөрийгөө лам гэдгийг санаж баахан гүн ухааны юм яриад орхиж байгаа юм. .. Ламын хэлсэн үг ерөнхийдөө цагдаа, Тазёмаругийн ярьсантай таардаг. Гэхдээ сумны тоо зөрдөг, түүнээс өөр хэн ч хүүхнийг дүрсэлж ярьдаггүй.” Аягүй бол гэлэн, хүүхний царайг харсан... “


Иймэрхүү тэмдэглэл байж. Зөвхөн гэлэнгийн өчилтөй холбоотой хэсгийг нь задлан шинжилсэн хэсэг юм л даа. Энэ туурийг би 1997 онд орос хэлнээс монгол хэлээр хөвүүлсэн юм. Гэвч өөрийн орчуулгаа чамласан тул бүр хожим 2003 онд л “Үхлийн Тууриуд “ хэмээх номонд оруулж хэвлүүлсэн билээ. Орчуулгаа гурав зассан. Туурийг унших бүр хэдэн зүйл тов тодорхой ойлгогддог.

-Самурай Такэхиро үхсэн.

-Тазёмару самурайн эхнэрийг хүчиндсэн.

-Тазёмару самурайн нум сум, саадаг, морийг авч явсан.

-Масаго аль мэдүүлэгт нь (гурван мэдүүлэгт) нөхрийнхөө үхэхийг хүсч байсан .

Гэхдээ үүнээс цааш юу болсныг ойлгоход хэцүү. Учир нь бүх долоон хүний ярианууд ямар нэг зүйлээр хоорондоо зөрнө, эсвэл нэг нэгнийхээ яриаг батлахгүй зөвхөн өөрсдийнхөө ярьж байгааг батална. Эргэлзээ төрүүлж эхэлнэ. Энд болсон явдлыг ярьж байгаа долоон хүн бүгд ёс суртахууны хувьд ойлгогдохгүй. Тэд бүгд л өөрсдийн өөдгүй зан авирыг дотроо бодож байгаагаа далдлахыг хичээнэ. Тэдэнд болсон явдал, үнэн огт хамаагүй юм шиг... Үхсэн эрийн сүнс хүртэл өөрийгөө өмөөрнө. Самурай хүн гутамшигтайгаар амьд явахаас үхэх нь дээр гэдэг тул би нэр төрөө аварч үхлийг сонголоо гээд яриад байх. Түлээчний яриаг харвал тэр үүгээр түүгээр дэл сул олз байна уу гэж хайсан. Учир нь олс, цусанд будагдсан эргэн тойрон, сам гээд юмсыг тэр л хэлсэн. Нэлээн нарийн шалгаж шүү дээ. Алга болсон илдийг тэр л дэлссэн байх. Тэгсэн мөртлөө шууд илүү дутуу юм мэдэхгүй гэж гүрийнэ. Энэ болсон явдалд бас нэг хүн ч оролцсон байж магадгүй. Учир зохиолын эцэст хэн нэг хүн Такэхирогийн цээжнээс чичлүүр хутгыг сугалж авдаг шүү дээ. Ингээд уншаад байх тусам хэн нь үнэн чин сэтгэлээсээ яриад байгааг ойлгоход бэрх болчихож байгаа юм. Бүгдэд ёс суртахууны хувьд өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгаан олддог аж. Учир нь болсон явдлыг үнэнэээр нь тогтоох хангалттай баримт нотолгоо байхгүй. Үнэн гэж зүйл олдохгүй... Алуурчин нь хэн гэдэг тодорхойгүй хэзээ ч олдохгүй гэдгийг мэддэг ч энэ зохиолыг унших бүртээ би алуурчныг олоод мэдчих хүсэлд өөрийн эрхгүй автдаг. Дээрэмчин Тазёмару юу? Нөхрөө үхээсэй гэж хүссэн Масаго юу? Амиа тэвчсэн Такэхиро юу? Эсвэл бадарчин гэлэн тэднийг дагаж яваад.../ Рашёмон кинон дээр бол түлээчин тэднийг дагаж яваад болсон үйл явдлыг харснаар гардаг/ Эмгэнийг л шууд холбох шижим алга...Үнэндээ "Ширэнгэнд" юу болсон бэ?... Хэлчих хүн байхгүй...............Амьдрал яг ийм муухай. Уншигч та ч бас яг ийм үйлдэл өөрийн эрхгүй хийдэг биз дээ. Хүн гэдэг яасан өөдгүй бодгаль вэ... Үнэн гэдэг бодит баримтанд биш, хүний өөрийн дэвшүүлсэн санаа бодол , тухайн үйл явдлын талаарх үзэл сэтгэгдэл дээр нь тогтдог гэж үү? Уншигчийг үй түмэн асуулт уруу түлхэнэ. Зөвхөн зохиолын талаархи асуулт ч бус... Энэ бол зохиолын амин сүнс. Энэ туурийг дэлхийн сонгодог зохиол болгож байгаа тэр зүйл нь юм. Жинхэнэ уран бүтээл гэдэг энэ л байх, ер нь жинхэнэ бүтээлүүд ийм л амин сүнстэй байх ёстой гэж би хувьдаа боддог.

“Энэ бол зөвхөн миний хувийн бодол тайлбар, ингээд болоо” гэж хаяагаа маначихъя. Тэгээд ч би тун ялихгүй тайлбарлаж байна. Учир нь бичвэл уртаас урт тайлбар хийж болох хэдий ч Рюноскээ Акутагавагийн “Ширэнгэнд” туурийг уншигч та ч бас өөрийнхөөрөө тайлах эрхтэй билээ...Тэгж тайлбал тань түмэнтээ баярлана.

Мэдээж ганц энэ зохиолоор бүх уран зохиолыг хэмжинэ төлөөлүүлэн ойлгоно гэж юу байхав. Гэхдээ залуу уншигчдад уран зохиолыг ойлгож мэдэх их аянд нь өчүүхэн төдий ч болов тус болох болов уу гэж үүнийг цоохорлов. Энэ дашрамд дурьдахад яруу найрагч Д.Цоодол гуай Рюноскэ Акутагавагийн тууриудыг орчуулж, “Хайраас бусад нь юу ч биш“ нэртэй түүвэр хэвлүүлсэнийг үзээд жаахан таагүй санагдсанаа хэлсү. Онцгойлон хэлэхэд “Ширэнгэнд” гэдэг туурийг орчуулахдаа тун тааруухан хандсан байдаг. Нэрнээсээ өгсүүлээд муу байгаа юм. Энэ зохиолын нэр өөрөө зохиолынхоо хувьд төгс төгөлдөр нэр. Зохиолын амин сүнс нь ил бус, ээдрээтэй, далд, нууцлаг гэдгийг нь бүрэн илтгэдэг юм. Би энэ зохиолын орос, англи, франц хэл дээрх орчуулгуудыг харж байсан. Бүгд “Ширэнгэнд” гэсэн ганцхан үг байдаг. Харин Д.Цоодол гуай монгол яруу найрагчийн бадрангуй сэтгэлээр уг зохиолын нэрийг “Ойд болсон явдал” болгож уянгалан өөрчилсөн нь уг зохиолыг эрс дордуулж, зөөлөн хэлбэл молхи, жигшмээр явдал болж. Д.Цоодол гуайн орчуулгад нийтдээ арав гаруй ихээхэн балай алдаа байгаа нь зарим тохиолдолд уг зохиолыг, бас монгол хэлийг гутааж байгааг хэлэх хэрэгтэй. Саадагийг үүргэвч, кимоног бошинз гээд биччихсэн, хүүхний өндрийг морины өндөр гэж андуурч орчуулсан гэхчилэн тоочоод байж болно. Гэвч би орчуулгын алдаа тоочих гэж үүнийг бичээгүй тул ингээд зогсоё. Миний бодлоор ойлгосноо эвтэйхэн найруулж бичих нь орчуулга , хөрвүүлэг биш байх. Тэр тусмаа дэлхийн сонгодог зохиолуудыг дулимаг орчуулснаас бүр огт оролдоогүй нь хамаагүй дээр гэж би санадаг.

Нэмж сонирхуулахад Р.Акүтагавагийн “Ширэнгэнд” өгүүллэгээр нийт таван кино хийсэн байдгаас хамгийн цуутай дээр дурьдсан А.Куросавагийн “Рашёмон” билээ. Мөн энэ зохиолын нэр “Yabu no Naka” /藪の中/ гэдэг үг нь япон хэлэнд өдгөө хэлц үг болсон бөгөөд үнэнийг олж тогтоож чадахгүй төөрөлдөх, үнэнийг тогтооход мэдээлэл хангалтгүй гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.

Эцэст нь нэгэн зүйлийг дахин улиглахыг хүсч байна. Энэ зохиолын гайхалтай ээдрээтэй байдал , одоо ч гэсэн унших бүрт ээдрээтэж гүн бодолд унагадагт нь би дуртай. Энэ бүхнийг уншиж байгаа чамайг ч гэсэн ингэж эргүүтэж, тэгээд үнэнийг , өөрийгөө нээгээсэй гэж хүсэж байна. Тиймээс “Ширэнгэнд” туурийг уншигтун! http://www.ubboys.com/2010_07_01_archive.html Эрж явснаасаа шал өөр зүйл олох тохиолдол амьдралд зөндөө шүү дээ. Тиймээс дахиад уншигтун! Миний бичсэнийг уншвал Р.Акүтагава баярласандаа амиа тэвчих байсан даа.

Жич : Өөрийнхөө бичсэнийг уншаад байсан чинь жаахан тайлбар хийхгүй бол болохгүй санагдаад явчихлаа. Акира Куросавагийн найруулсан "Рашёмон" гэдэг кино бол Рюноскэ Акүтагавагийн хоёр зохиолын нийлбэр гэх юм уу даа. Акүтагаваг анх нэрд гаргасан "Рашёмон" буюу "Энхжингийн гулдан" гэдэг туурь бий. Тэр туурийг "Ширэнгэнд" туурьтай нийлүүлж гол санааг нь найруулан кино болгожээ. Киног анхааралтай үзвэл "Рашёмон" туурийн эхлэл хэсэг- тэгээд "Ширэнгэнд" туурь-эцэст нь "Рашёмон" туурийн төгсгөлийн санаа /үйл явдлыг Куросава эрс өөрчилсөн байдаг/ гэсэн зохиомж байдаг.   

5 comments:

Б.Баясгалан said...

Таны орчуулгатай ярих юм байхгүйн байна лээ. Үнэхээр мундаг санагдсан... Д.Цоодол гуайн орчуулгаар гарсан шар алаг гадартай ном нь ч надад бий л дээ. Япон хэл гадарлахгүй болохоор тулгаж харж мэдэх биш. Монгол хэлний найруулгын хувьд молхи-дуу болсон нь ажиглагдаж л байсан. Яруу найрагч хүн байж илэрхий ийм найруулга хиймээргүй юм гэж гайхаж эргэлзэх үе ч гарч байсан. Гэхдээ Цоодол гуайг Монгол хэлээ мэддэггүй гэж хэлэх ч одоо хаашаа юм. Нөхрийн орчуулгын арга барилтай л холбоотой "алдаа" байх л даа. Үг сонголтын тухайд жаахан хаданги орчуулга хийх гээд байдаг байх. Эсвэл...? Бунины өгүүллэгүүдээс орчуулсан нь ч бас тиймэрхүү байсан. Гэхдээ хэн мэдэх вэ. Хүний хөдөлмөрийг шууд үгүйсгэх ч бас зориг зүрх шаардах хэрэг л дээ. Тиймээс дээр баахан бөөрөнхий юм биччихлээ.

Б.Баясгалан said...

Ингэхэд та сүүлийн үед ямар ямар орчуулгын ажил хийж байгаа вэ? энд тэнд гаргахгүй байж байгаад цочир байдлаар хэвлэвэл би л лав худалдаж авнаа.

Д:Дашмөнх said...

Би Р.Акутагавагийн "Хайраас бусад нь юу ч биш", "Ид шидийн бэлэг" гэсэн хоёр номыг олж авах гэж хөөцөлдөөд ер чадахгүй юм. "Хайраас бусад нь юу ч биш" гэдэг түүвэрт орсон зохиолуудаас энд тэнд интэрнэтэд тавигдсан хувилбарыг харсан юм. Уг нь номонд редактор гэж нэг мануухай бас байх л учиртай...
Ингэхэд та минь Акутагавагийн тэр хоёр номыг олж өгвөл би үнэ хайрлахгүй худалдаж авна шүү... Зарвал маш их баярлана...

oldoshaksli said...

tsoodol guaigaas nodnin havar asuuluudaa.
Uldeegui l gehchin lee.

Anonymous said...

Xen c uneniig xeldeggui gedg cin ix sodon sonsogdoj bna. Bi bagadaa Ad zetgeriin tuxai ulger sonoj baij bilee. Tiiren shuu dee! Manai Mongol ulgeriin gemeer yum u, Buddiin shashnii zoxioliin tegeer c yum u negen iimerxuu ulger sanagdaxiin: Negen er ooriin eson xuseliig guitseex gej odoriin bodol, shononiin zuud bolj yavsaar, sanaandgui negen tarnich lamtai( za bi bas zereg zindaag n martaj orxiv!) uulzan , ooriin xuseliig yamarc uneer xamaagui xelj ogooc xemeen guisaar, medej avcee. Tegeed xunii nudend tsovtei ud modnii door taxil taxin 2odor 3 shono guin morgoj gene. Tegtel az dairsan u, tuund unexeer negen Tiiren shingej gene. Exnii uyedee unexeer xusex bitgii xel bodson yumiig n l nud ermex zuur bieluuleed saixan baisan, xedii c, suul suuldee bodoxiin zuurgui bieluulex uil, bainga shalax<< Bi yu xiix, be? bi yu xiix ve?>> shalgaax asuult n shono noirond n baitugai zuudend n orj ireed, amaraxiin zav, amsxiixiin coloogui zovlon bolj, etsestee ergeed nogoo tarnic deeree ocin asuuj gene. Ter n c xelsen uguig buu med. Yutai c neg arga seden olj, negen udaa Tiireng <> gej asuuguut, << Za Xurmastiin deevriig xuulcixaad ir! gej xelj gene. Tegtel c Tuuren ene udaa: Za ene c xarin amargui c argalj bolox l zuil gej bna gene, gexdee Ci namaig ergej irexed xarin Xorvoogiin xamgiin buzar muuxai buxniig shataagaad baij baigaarai! gej zaxij gene... Tegeed l alga boljee, getel mani er Tarniciin zovloson uguig buu med, xamag l medex arts xuj yu bilee bugdiig uuguulaad suuj baij gene. Tegtel c Tengeriin xoimroos l ayangiin xar uul nud irmexiin todii l nashlan naashilsaar, end tend ayangiin gaylbaa gyalsxiin , mani Tiirne c zugtaxiin sainaar bultan zugtaj zugtsaar sevxiin orj irmegtsee, onoo arts xuj uuglaj suugaa eriig etsiin udaa xaraad,> gej duu aldaad, orgui bolson yum gedeg...
ERroosoo Xun olon zuiliig sudlaj sudlaj etsestee ooriigoo, ( Xunii setgel sanaa , zon soving, sunsiig l!) sudlaj cadaagui baigaa met...
Tegeed c bux l Urlagiin torol xunii setgeliin togtoc, tuunii mon cnar, dagaldax shinjiig ilerxiilexiig xusseer xaisaar baigaa bish u.. Tgeed Minii xuvid etsest n xelexed, durtaigaa l xii l dee, durtai n unshig l dee gemeer bna....Turo