Aug 10, 2010

Рэй Брэйдбэри Шөнө утас хангинав

Төгсгөл хэсэг, эхлэл нь урьд бий

...Жингэнээн ард нь хоцров. Гэнэт утас энд, тэнд ахин дахин жингэнэж гарлаа. Өвгөн байдаг чадлаараа
-За больж үз. Харилцуураа авлаа гэж чарлав.

-Сайн уу. Бартон.
-Чамд юу хэрэгтэй юм бэ.
-Би ганцаардаж байна шүү дээ. Би чинь ярьж байгаа үедээ л “амьдардаг” юм. Тиймээс би ярихгүй бол болохгүй. Чи ч миний амыг таглаж дөнгөхгүй.

Өвгөн айдаст автагдан
-Намайг зөнд минь орхиоч. Миний зүрх өвдөөд байна...гэлээ.

-Хорин дөрвөн настай Бартон ярьж байна. Ахиад бас хоёр жил өнгөрлөө. Би хүлээж л байна. Эгээтэй л ганцаардчихсангүй. “Дайн ба Энх”-ийг уншлаа. Бүх ундааг уулаа. Ресторанд сууж эзэн, тогооч, хоол зөөгч үйлчлүүлэгч боллоо. Өнөөдөр орой би Тиволнд кино од боллоо. “Хайр сэтгэлийн үр дүнгүй оролдлого” киноны бүх дүрд Эмиль Бартон хиймэл үс өмсөн ганцаараар тоглов.

-Над руу утасдахаа болихгүй бол чамайг ална шүү.
-Намайг ч хүчээр алж чадахгүй шүү. Эхлээд намайг олох гээд үзэхгүй юү.

-Олно доо.
-Чи намайг хаа нууснаа лав мартчихсан байгаа. Би газар доор дамжуулах шугамд, байшинд, хонгилд, утасны бүхээгт хааяагүй бий. За алив урагшаа. Чи үүнийгээ юу гэж нэрлэх юм бэ? Телефон агнах гэх үү, “өөрийгөө” алах аллага гэх үү? Чи атаархаж байгаа биз дээ. Хорин дөрвөн настай, ирээдүйтэй, хүч чадалтай, залуу хүнд чи атаархаж байгаа бус уу. За яахав өвгөн минь, бидний хооронд болж байгаа ч бай, өөрөө өөртэйгөө хийж байгаа ч бай, дайн бол дайн. Энэ дайнд оролцогч нь чи бид хоёр. Үнэндээ бол насны ялгаатай болохоос бус чи өөрөө өөртэйгөө л үзэлцэж байна шүү дээ. За яадаг ч байсан дайн зарлаж үз дээ.

Тэр телефон аппаратыг цонх руу чулуудав.

Автомашин өргөн хөндийгөөр довтолгоно. Машины шалан дээр Бартоны хөлд буу зэвсэг, тэсрэх бодисууд хэвтэнэ. Моторын хүнгэнээн түүний хөгширсөн хэврэг ясыг янгинуулна. Тэр ямар нинжин сэтгэлгүй цэвдэг авир гаргана вэ. Телефон бичлэгүүдийг ганцыг ч үлдээлгүй устгана гэж бодож явлаа.

Тэр машинаа зогсоов. Түүний өмнө өлбөн сарны туяа нөмөрсөн үл таних хот налайна.

Тэр хүйтэн гараараа буугаа атгаж авлаа. Тэгээд утасны багана, цамхаг, бүхээг бүхнийг ээлж дараалан шинжин харна. Хотын хаа нэгтээ түүний дуу нуугдаж байгаа. Харин хаана вэ? Тэр цамхагт уу. Эсвэл тэр цаана зайдуухан байгаа юу. Дэндүү олон жил өнгөрчээ......

Тэр буугаа өлийлгөлөө.
Цамхаг анхны буудалтаар нурав.

Анир чимээгүй гудамжаар машин цааш хөдлөв. Утас дуугарлаа. Тэр ганц ч хүнгүй эмийн сан руу хальт харав.

-Байна уу, Бартон уу? Чамд анхааруулах зүйл байна. Замдаа таарсан бүхнийг дэлбэлж, цамхаг бүрийг хэмхлэх гэж хичээсний хэрэггүй шүү. Оронд нь хоолойгоо хэрчсэн чинь дээр. Миний үгийг бодоорой л доо.

Утас тас хийв. Тэр бүхээгнээс алгуурхан гарч эвдэрч сүйдээгүй урьдын хэвээрээ сайн ажиллаж буй телефон утасны цамхгуудын анирлах чимээг сонслоо. Тэднийг харж зогсохдоо тэр гол зүйлийг нь ойлгов.

Түүний хувьд цамхгуудыг сүйтгэх нь үнэхээр утгагүй хэрэг ажээ. Дэлхийгээс пуужин ирвэл яахав. Бүтэшгүй санаа ч гэсэн, пуужин энэ шөнө, эсвэл маргааш үгүй бол ирэх долоо хоногт ч ирэх юм бил үү. Тэгээд гаригийн нөгөө талд буучихаад түүн руу, Бартон уруу утасдах болбол яах вэ? Телефон сүлжээ ажиллахгүй байх нь.

Бартон буугаа алдаж орхилоо. “Пуужин ирэхгүй дээ. Би хөгширлөө. Даанч олон жил өнгөрчээ” хэмээн тэр өөрөө өөртөө өгүүлэв.

Гэтэл гэнэт нисээд ирвэл яана.

Гэтэл гэнэт нисээд ирвэл яана. Гэхдээ ч түүний хэзээ ирэхийг огт мэдэхгүй гэж тэр үргэлжлүүлэн бодлоо. Шугам чөлөөтэй эвдэрч хэмхрээгүй чигээрээ үлдэх ёстой. Тэгтэл утас дахиад л жингэнэлээ.

Тэр ноомойхон эргэв. Шийдмэг бусаар эмийн сан руу эргэн орж харилцуурыг гараараа тэмтрэв.

-Байна уу? гэсэн үл таних дуу гарав.
-Намайг зөнд минь орхиоч гэж гуйж байна гэж өвгөн хэллээ.
-Та хэн бэ? Хэн ярьж байна. Та хаана байна? гэж үл таних дуу хоолой гайхангуй хашхичлаа.
-Хүлээгээрэй, юу гэнээ? хэмээн өвгөн эргэлзсэнээ
-Би Эмиль Бартон байна. Та хэн бэ? гэв.
-Би “Аполлон-48” хөлгийн ахмад Рокуэлл байна, бид дэлхийгээс нисэж ирээд байна. Та намайг сонсож байна уу, эрхэм Бартон?
-Үгүй энэ чинь яав ч бүтэшгүй хэрэг.
-Та хаана байна?
-Худлаа .... гээд өвгөн утасны бүхээгний ханыг нуруугаараа налав. Нүд нь мэлрээд тэр юу ч үл харна. Өнөөх Бартон л намайг дахин хуурч тоглоом тохуу хийж байна.

-Би ахмад Рокуэлл байна. Бид дөнгөж сая Нью-Чикагод газардаад байна. Та хаана байна вэ?

Өвгөн амьсгаа авснаа
-Грин-Уиллд, та нараас зургаан зуун миль зайтай газар байна гэлээ.
-Бартон та наашаа хүрээд ирэхгүй юу? Пуужин маань яльгүй эвдэрсэн тул засах хэрэгтэй байна. Та ирж бидэнд туслахгүй юу?
-За тэгье.
-Бид хотын цаадах талбай дээр байна. Та маргааш гэхэд хүрээд ирж чадах уу?
-За, гэхдээ .....
-Юу?

Өвгөн алгаараа харилцуурыг илбэнэ.

-Дэлхий тэгээд ямар байна. Нью-Иоркод амьдрал хэр байна. Дайн дууссан уу? Одоо ерөнхийлөгчөөр хэн байна? Ер нь тэнд юу болж байна вэ?
-Та зүгээр хүрээд л ир. Дэмий ярих цаг бидэнд хангалттай олдоно.
-Тэнд бүх юм зүй зохисоороо юу?
-Тиймээ
-Бурхан өршөө

Өвгөн харилцуурыг тавиад гадагш гүйж гарав.

Тэнд хүмүүс түүнийг дэлхийд, тэнгис, цэнхэр тэнгэр, ногоон уулсад аваачина.

Тэр машинаа асаав. Тэр машинаараа бүхэл шөнөжин давхих болно. Хүмүүсийг харж, гарыг нь атган ду хоолойг нь ахин сонсохын төлөө үзээд л алдах хэрэгтэй болж дээ. Энэ ахмад Рокуэллын хоолой. Үгүй энэ Бартоны дөчин жилийн өмнөх хоолой биш. Ийм бичлэг тэр хийгээгүй. Эсвэл хийсэн бил үү. Согтуу байхдаа ээлжит увайгүй гуниг гутралынхаа үеэр дүрсэлсэн багийн гишүүд, ахмад бүхий хөлгийнхөн Ангараг дээр байна гэсэн хуурамч бичлэг хийсэн биз. Тэр галзуурсан мэт толгой сэгсрэв. Тэр Ангарагийн өлбөн сартай зэрэгцэн зогсолтгүйгээр шөнөжин давхих болно.

Нар мандлаа. Тэр тун их ядарсан агаад хуруунууд нь жолоогоо дөнгөж л атгаж байлаа. Зүрх нь цохилох болгондоо хэмхэрч унах гэж байх шиг. Гэвч түүнийг нэг л юмны тухай бодол, сүүлчийн удаа утас жингэнэх тухай бодол л тэтгэж байв. “Байна уу, залуу Бартон уу, хөгшин Бартон ярьж байна. Өнөөдөр би Дэлхий рүү ниснэ. Би аврагдсан” гэж хэлнэ хэмээн санахад нүүрэнд нь сулхан инээмсэглэл гийв.

Нар жаргаж буй сүүдэрхэг Нью-Чикагийн дэвсгэрт ороод тэр машинаа зогсоов. Унаанаасаа буугаад тэрбээр сансрын хөлөг буух талбайг сүрхий ширтсэнээ улайсан нүдээ гараараа нухлав. Талбай хов хоосон байлаа. Хэн ч түүнтэй уулзахаар яарсангүй. Гарыг нь атгаж, инээж хөхөрч, баярласангүй.

Түүний сэтгэл учиргүй үймэрчээ. Одоохон нүд нь харанхуйлж, тэнгэр хэсэг хэсгээрээ нураад ирэх шиг болох нь гэдгийг тэр мэдэв. Тэр ойролцоох байшин руу зүглэлээ.

Өрөөнд нямбай гэгч тавьсан зургаан телефон аппарат зэрэгцэн байх ажээ. Тэр хүнд харилцуурыг өргөн авлаа.

-Би чамайг амьд ирж чадах болов уу? Үгүй болов уу? гэж тааж ядаж байлаа хэмээн дуу хоолой өгүүлэв.

Өвгөн дуугарсангүй. Дуу хоолой үргэлжлүүлэн:

-Ахмад Рокуэлл илтгэж байна. Тушаал өгнө үү, ноёнтон гэлээ.
-Чи гэж үү? хэмээн өвгөн дуу алдав.

-Өвгөн минь зүрх чинь яаж байна? Ямар атугай өөрөө амьд үлдэхийн тулд би чамайг устгах ёстой байлаа шүү дээ. Хэрэв бичлэгүүдийг амьтай гэж хэлж болох бол тэр л дээ.

-Би эндээс одоохон гарлаа. Өөдөөс чинь нулимчихмаар байна. Чамайг тонилготлоо эргэн тойрныг дэлбэлнэ дээ гэж өвгөн хариулав.

-Хүч чинь хүрэхгүй дээ. Би яагаад чамаар ийм чирэгдэл ихтэй урт аялал хийлгэсэн гэж бодож байна? Энэ чиний сүүлчийн зугаалга байсан шүү дээ.

Зүрх нь тасалдангуй цохилж эхлэхийг өвгөн мэдэрлээ. Тэр яагаад ч өөр хотод хүрч дөнгөхгүй нь. Энэ дайнд ялагдсан байлаа. Тэр сандал дээр сууж ёолж гарснаа бусад таван аппаратыг харав. Тэд тушаал авсан тэм нэгэн зэрэг жингэнэх нь ой гутмаар чарлалдан буй үүр дүүрэн ангаахай мэт. Автомат хүлээн авагч огцом тасхийн залгагдахад өрөө,
-Бартон, Бартон, Бартон гэсэн дуугаар дүүрлээ.

Тэр телефон аппаратыг багалзуурдсан мэт гартаа атгажээ. Харин харилцуур түүнийг дооглох мэт нажигнана. Тэр аппаратыг дэлсэв. Тэгснээ өшиглэв. Тэгээд хуруундаа дамжуулагч утсыг нь ороож байгаад тасар татаж орхилоо. Аппарат унав.

Тэр ахиад гурван телефон хэмхлэв. Гэтэл гэнэт нам гүм болов. Эл эгшинд бие цогцос нь өөрөө өөрөөсөө удаан гэгч нууж явсан нэгэн жигтэй зүйлийг мэдэрлээ. Эл жигтэй зүйл нүд ирмэхийн зуур яс уруу нь дайран довтлоход бие мах бодь нь алгуурхнаар салан унаж цэцгийн дэлбээнд хувирах мэт болоод чихнийх нь гэдэс лав мэт хайлна.Тэр хоёр гараараа цээжээ тэвэрч авснаа нүүрээрээ газар шааж унав. Түүний зүрх нь цохилохгүй байлаа.

Цаг хугацаа өнгөрөн оджээ. Бүтэн үлдсэн хоёр телефон жингэнэлээ. Хаа нэгтээ релей залгагдаж хоёр хоолойн шугам хоорондоо залгагдав.

-Бартон байна уу?
-Тийм байна. Бартон уу?
-Би 24-тэй
-Харин би 26-тай. Бид хоёул залуу юм. Юу болоо вэ?
-Ёстой бүү мэд. Сонс л доо.

Өрөөнд чив чимээгүй. Өвгөн үл хөдөлнө. Хагархай цонхоор салхи үлээнэ. Өрөөнд хүйтэн ноёрхоно.

-Бартон, чи надад баяр хүргээч. Өнөөдөр би хорин зургаан нас хүрлээ.
-Баяр хүргэе.

Хоёр хоолой нийлэн дуулж эхлэв. Төрсөн өдрөөр ямар дуу дуулдаг билээ дээ. Happy birthday to you …Дуу сөнөмөл хотын гудамжнаа хагархай цонхоор нэн аниргүйхэн цуурайтна.
Орчуулсан Д.Дашмөнх

1 comments:

Anonymous said...

баярлалаа, зөгнөлт зохиолууд гоё шүү