Яагаад санаанд нь хуучин шүлэг орсныг тэр ойлгосонгүй. Гэвч шүлэг санаанд нь орж чихэнд нь хангинана.......
Газар дээгүүр татсан дамжуулах шугам минь
Хүргэ, дараа нь хүргэ, дахиад хүргэ
Газрын өнцөг булан бүрийг хэрсэн
Үй түмэн үгийг өөртөө шингээсэн
Намуун /дөлгөөн/ шөнөөр өгүүлсэн
Бүх ярианы утгыг хадгалсан
Тэгээд юу гэдэг билээ? А тийм .....
Цаг болов -оргүй хоосноос буй
Ахиад л харанхуйд хангинан дуугарав
Хэлд орсон хүүхдийн анхны шулганаан л ингэж давхацдаг
Тэр дахиад л түгдэрч орхив. Яаж төгсдөг билээ дээ. Хүлээгээрэй...
Тэгэхэд амьгүй утсан адгуус
Дурсамж онгичин, жингэнээний эцэст хүрнэ
Хүмүүсийн логикийг давтанУйлж, орилон гасалж, шивнэж эхэлнэ.
Гэтэл нэгэнтээ жингэнэх аппаратын дуунаар сэрсэн хүн
Харилцуурыг авч бүдэг оюуны тэнгэрийн үгсийг цочмог сонсоно.
Хол ойрын мунхаглалыг багцлан шахаж
“Бай” гэснээ “На-уу” гээд сүүлд нь бүтнээр “байна уу” гэнэ
Тэр амьсгаагаа гаргаж аваад
Ухаант хүн минь чи шөнөөр Ийм этгээдэд юу хариулна? хэмээн дуусгалаа.
Тэр дуугүй сууж байв.
Наян настай өвгөн гав ганцаархнаа хов хоосон Ангараг гаригийн хов хоосон хотын, хов хоосон гудамжны, хов хоосон байшингийн, хов хоосон тасалгаанд сууж байлаа.
Жаран жил хүлээсэн шигээ өдгөө ч хүлээсээр л сууна.
Түүний өмнө ширээн дээр удаан, дэндүү удаан огт дуугараагүй телефон утас байна.
Гэв гэнэт аппарат байдгаараа чичрэгнэв.
Энэ нууцлаг чичрэгнээн магадгүй шүлэгнээс болсон юм билүү.
Тэр аппаратыг ширтсэн чигээрээ урагш болов.
Телефон утас....ЖИНГЭНЭЛЭЭ.
Өвгөн үсрэн босож, ухрахад сандал тар няр хийж уналаа.
Тэр
-Болиоч гэж хашгирав.
Утас дахиад л дуугарлаа.
Тэр өөрийн мэдэлгүй гар сунган аппаратанд хүрснээ гэнэт ухаарав бололтой мөнөөх аппаратыг түлхэн унагав.
Утас гурав дахиа дуугарсаны дараа харилцуур унав.
Тэрбээр гараа цээжиндээ наачихаад «...Үгүй яасан ч үгүй........Энэ чинь байж болохгүй зүйл ... байж боломгүй юм…» гэж дуулдахтай үгүйтэй үглэж байв. Телефон утас хөл доор нь хэвтэнэ.
Учир нь тэр /ямар болов ч/ гав ганцаархнаа түүнээс өөр огт хэрэггүй гэгээн санааны ноёрхлоос өөр ганц ч амьд амьтан үгүй хов хоосон Ангараг гаригийн, хов хоосон хот дахь хоосон байшингийн, хоосон өрөөнд байгаа билээ.
-.......Бартон........
Хэн нэгэн хүнийг дуудав.
Үгүй Алсын цөлд голио царцаа шаргих шиг юу жунгинаад байна? Бартон...? Юу гэв ... Аа, энэ чинь би шүү дээ. Тэр өөрийнхөө нэрийг хүний амнаас сонсолгүй дэндүү удсан тул бараг л мартаж орхижээ. Харилцуур
-Бартон. Бартон. Бартон гэж дуугарна.
-Боль гэж тэр зандрав.
Тэгээд харилцуурыг өшиглөж орхисноо хөшүүр дээр нь буцааж тавихаар, түүнийг авах гэж бөхийхдөө золтой л багтраад үхчихсэнгүй. Хараал идсэн золиг чинь, хөшүүр дээр тавив уу, үгүй юу? дахиад л жингэнэв.
Энэ удаа тэр телефон аппаратыг хоёр гараараа барьж авснаа байдаг бол амьсгалыг боож багалзуурыг нь шахах гэсэн мэт хүчлэн атгав. Хэдэн хормын хойно хурууных нь үе өвдөхөд сая мэдээ орж гараа суллан харилцуурыг авлаа.
- Бартон гэх дуу тэрбум милийн цаана сонсогдоно.
Тэр зүрхнийхээ цохилтыг удаашрахыг хүлээгээд
-Бартон сонсож байна гэлээ.
-За тийм байж. Ингэхэд хэн чамтай ярьж байгааг мэдэж байна уу.
-Бурхан минь. Сүүлийн таван жилд анх удаа над руу утасдаж байна. Муур хулгана болж тоглож байгаа биш? гэж өвгөн хариулав.
-Уучлаарай, жаахан мунхаг явдал боллоо. Чи өөрийнхөө дууг огт таньсангүй. Үнэндээ ч утсаар бол таньдаг хүн ховор л доо. Би Бартон байна.
-Юу?
-Чи юу гэж бодов. Сансрын хөлгийн ахмад гэж санаа юу. Чамд туслахаар хүрээд иржээ гэж бодоо юу? гэх дуу гарав.
-Үгүй.
-Өнөөдөр хэдний өдөр вэ?
-2097 оны 6-р сарын 20
-Хөөе өвгөөн, ингэхэд чи намайг хэн болохыг ойлгов уу?
-Тиймээ. Би саналаа. Бид бол нэг амь. Би Эмиль Бартон, чи бас Эмиль Бартон.
-Ялгаа бий. Чи наян настай, харин би бол хорьхон настай. Өмнө минь бүхэл бүтэн амьдрал байна.
Өвгөн учиргүй инээд алдсанаа уйлж гарав. Тэрбээр ойд төөрчихсөн тэнэг бяцхан жаал адил болж, харилцуурыг атгасаар удтал суулаа. Цаашид яриа ямар ч утгагүй байх тул үргэлжлүүлэхийн ч шаардлага үгүй байлаа. Гэсэн ч тэр
-Чи сонсооч. Бурхан минь, би чамд юу ч гэлтэй билээ. Чи чинь зөвхөн дуу хоолой шүү дээ. Өдий олон жил ганцаардана гэдэг юу болохыг чамд мэдүүлэх хүч чадал надад даанч алга. Үүнийгээ дуусгаж, өөрийгөө тонилго. Бүү хүлээ. Чи над шиг болчихоод өнөөдөр энд, энэ хоромд, энэ бүхнийг ямар үнээр төлж барахыг мэдэхгүй байна гэж өгүүлэв. Хариуд нь идэр Бартоны хоолой инээд алдаж
-Энэ боломжгүй. Би хэзээ нэгэн цагт утасдвал чи хариу өгөх ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Энэ бүхэн бол цэвэр механик тогтоц. Чи дууны соронзон бичлэгээс нэг их ялгарахгүй зүйлтэй ярьж байгаа шүү дээ. Энэ жил чинь 2037 он. Өнөөдөр дэлхий дээр цөмийн дайн эхэллээ. Эзэмшлийн бүх оршин суугчид дуудлага авч Ангарагаас пуужингаар одсон. Харин би үлдсэн. Хоцорсон хэмээн өчив.
-Бүгдийг санаж байна гэж өвгөн шивэгнэв. Дуу хоолой дахиад л хөхөрч
-Ангараг дээр ганцаархнаа .....Сар, жилийн ямар ялгаа байна. Хангалттай идэх юм, хангалттай ном байна. Чөлөөтэй үедээ би арван мянган үгтэй соронзон бичлэгийн бүхэл бүтэн сан байгуулж, телефоны релейн шугамд холбосон. Хэдэн сарын дараа утасдаж хэн нэгэнтэй нь ярина. Харин жаран жилийн дараа бичлэгүүд маань над руу утасдана гэв. Өвгөний нүднээс нулимс алгуурхан гарна. Дуу хоолой үргэлжлүүлэн
-Би Ангарагийн хот бүхэнд орших мянган Бартон-аливаа асуултанд хариулж дөнгөх бичлэг үйлдсэн. Пуужин хүлээх хооронд минь бүхэл бүтэн сүрэг Бартон намайг зугаацуулах болно гэв.
Өвгөн ядрангуйгаар толгой сэгсэрч
-Тэнэг. Чи жаран жил хүлээлээ. Өвгөрч хүлээсэн энэ бүх хугацаанд чи цор ганцаархнаа байсан. Одоо надтай учирлаа. Гэвч чи энэ эзгүй хотуудын дунд ганцаархнаа шүү дээ гэлээ.
-Зовох гэсний хэрэггүй. Чи бол миний хувьд өөр ертөнцийн харь хүн. Би гуних “авъяасгүй”. Энэ бичлэг байж байгаа цагт би амьд л байна. Үүнийг сонсож байгаа цагтаа чи амьд байх болно. Бид бие биедээ ойлгомжгүй байж болох юм. Нэг нь яг автомат шиг, нөгөө нь амьдлаг аялгуугаар ярьж буй цагт бид нэг нэгнийхээ төлөө юу ч хийж чадахгүй.
Одоо бол би амьд хүн болсон. Чи дараа нь амьд хүн болно. Ухаангүй хэрэг үү. Тэгээд ч ирээдүйгээ би мэдэхгүй учраас түүнийг ямагт өөдрөгөөр төсөөлдөг тул уйлж чадахгүй. Энэ сайтар үйлдсэн бичлэгүүд зөвхөн чиний зүгээс ирсэн өгүүлбэрт хариулах чадвартай. Амьгүй зүйлийг уйлуулж болно гэж үү дээ.
--Болиоч ээ гэж өвгөн хашхирав.
Тэр ужиглан өвдөхийг хуцаар мэдрэв. Аманд нь бөөлжис амтагдаж нүд нь харанхуйлна.
--Бурхан минь чи ямар хатуу сэтгэлтэй байгаа вэ?
Бартон таг чиг болсон харилцуурыг гартаа атгасаар удтал суув. Зүрх нь өвдөнө.
Юутай тэнэг хэрэг билээ. Эргүү залуу цагийн тэр ганцаардлын он жилүүдийн ямар салхи нь энэ телефон-бичлэгүүд, цахилгаан хэлхээнүүдийг бүтээж, утасдах хуваарь үйлдэн релейн хөтөлбөрт холбохыг шивнэсэн юм бол?......
Жингэнээн.
-Өглөөний мэнд Бартон. Бартон байна. Долоон цаг боллоо. Босож амьдралын сайхныг амтлагтун.
Ахиад л ........
-Бартон уу? Бартон ярьж байна. Өдрийн цагаар Ангарагийн хотоор явж, телефон тархи хийж тавь. Үүнийг чамд сануулъя гэж би бодлоо.
-Баярлалаа.
Жингэнээн.
-Бартон уу.Бартон байна. “Пуужин” зочид буудалд үдийн хоол хамт идэх үү.
-Тэгье ээ.
-Тэгвэл баяртай.
ЖЖЖИИИНННН
- Бартон чи юу. Чиний сэтгэл санааг засдаг юм уу гэсэн юм. Ямар ч болов сэргэлэн бай. Магадгүй маргааш пуужин нисч ирээд бид хоёрыг аврах ч юм бил үү.
-Тийм ээ, маргааш, маргааш,....маргааш....... маргааш........
Он цаг ул мөрөө үлдээн урсаж оджээ. Олон жилийн турш Бартон энэ хараал идсэн, ухаалаг, яв цав хариулт бүхий телефон утаснуудыг “үйлдвэрлэжээ”. Тэр утасны жингэнээг амьд байх ахул наян нас хүрсэн тэр өдрөө сонсох учиртай байх. Ингээд өнөөдөр утас хангинаж, өнгөрсөн бүхнийг сануулан элдвийг өгүүлж, шивэгнэх болсон нь энэ.
Гар нь хүртэл өөрийн эрхгүй харилцуур шүүрч авна.
-Хөгшин Бартон сайн уу? Залуу Бартон байна. Би өнөөдөр хорин нэг хүрлээ. Өнгөрсөн жил би яригч тархийг дахиад хоёр зуун хотод тавилаа. Ангараг дээр Бартонуудыг нутагшуулж байна шүү.
Өвгөн ачааны машин дүүрэн аппарат аччихаад цэнхэр хөндийнүүдээр исгэрэнхэн хэсэж явсан жаран жилийн тэртээх аз жаргалтай шөнүүдийг санав. Телефон аппарат, релейн шугам, .. дахиад л ... тавиад.....Ажил байж дээ. Ухаалагдуу, гойд сайхан хэрнээ гунигтай ажил байж. Нууцлагдсан дуу хоолой.” Бичлэг...нууцлагдсан...нууцлагдсан. ....Цуврах он жилүүдийн гүнээс бүдэгхэн авирлах цуурай адил хөгшрөл гэгчийн тухай, үхэл гэгчийн тухай бодож яваагүй тэр цаг мөчүүд........Эргүү, тэнэг амьтан болохоороо хийсэн зүлйийнхээ үрийг амсах өдөр ирнэ, тэгэхдээ ингэж ирнэ гэдгийг мэдээгүй явж дээ.
Хорин нэгэн настай Бартоны дуу
-Өчигдөр орой би кинотеатрт ганцаархнаа юм үзлээ. Лаурел, Гарди хоёрын тоглосон хуучин кинонууд байсан. Бурхан минь, бүр элгээ хөштөл хөхөрсөн шүү. Тэгж байхдаа харин нэг юм бодож олноо. Би нэг хальсанд өөрийнхөө дууг мянга түм дахин бичээд хотоор нэг цуурайтуулсан чинь мянга түмэн улс шуугилдаж байгаа юм шиг сонсогдож байсан. Би бас цагийн механизмаар ажилладаг хаалганы чахраан, хүүхдийн найрал дуу, гудамжны чимээ хийсэн. Албаар цонхоор харахгүй бол чимээ сонсоод л амьдрал ердийнхөөрөө байна гэж бодож болно. Гэсэн хэдий ч цонхоор гудамж руу шагайхаар л энэ сайхан сэтгэгдэл маань алга болж ганцаардах шиг санагдах юм гэж хүнгэнэхэд өвгөн
-Энэ чинь анхны шинж тэмдгүүд байсан юм даа гэв.
-Юу гэнэ ээ.
-Энэ чинь ганцаардлаа мэдэрч буй анхны шинж тэмдгүүд байсан юм.
-Үнэхээр үүнийг би туршиж үзсэн. Бүгдийг техникийн тусламжтайгаар л даа. Хов хоосон гудамжаар явахад байшингуудаас гахайн утсан мах, шарсан өндөг, чанасан мах ханхлаад л...
-Тэнэг юм
-Өөрийгөө хамгаалах арга
-Би ядарч байна гээд өвгөн харилцуурыг огцомхон тавилаа. Энэ арай дэндэж байна. Өнгөрсөн нь түүнийг багалзуурдаж алгуурхнаар мөхөөх нь. Тэр амандаа хараал бөвтнөөд шатаар алгуурхан уруудаж гудамжинд гарав.
Хотод бүрий болжээ. Улаан ягаан туяа цацарч том неон гэрлүүд ч асахгүй, хөгжим ч хангинахгүй, идэх юмны үнэр ч ханхлахгүй, өвгөн аль эрт механик хууралтыг жинхэнэ юм шиг санаж чадахаа болж, “Байз энэ хэний хөлийн чимээ вэ? Хөөе гүзээлзгэний бялуу ханхалж байх чинь...” Энэ бүхэнд тэр эцсийн цэг нэгэнт тавьсан байлаа. Гэрэлгүй байшингаас утас намуухан жингэнэнэ. Өвгөн тоохгүй алхана. Жингэнээн чангарна. Утас хааш явсныг нь яг харсан юм шиг урьд нь дараагийн байшинд жингэнэнэ. Тэр гүйлээ. Жингэнээн ард нь хоцров. Гэнэт утас энд, тэнд ахин дахин жингэнэж гарлаа. Өвгөн байдаг чадлаараа
-За больж үз. Харилцуураа авлаа гэж чарлав...
Үргэлжлэл бий

0 comments:
Post a Comment